Т.Свифтийн лаан баримлуудыг дөрвөн тивд нэгэн зэрэг дэлгэн үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2025-07-31 16:44:25

ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 31 /tatler/. Мадам Тюссогийн музей 250 жилийн түүхэндээ хамгийн том төслийг хэрэгжүүлж, дөрвөн тивийн 13 хотод Тейлор Свифтийн лаагаар урласан 13 баримлыг нэгэн зэрэг танилцуулжээ. Дуучны “The Eras Tour” аялан тоглолтын амжилтаас санаа авч хэрэгжүүлсэн энэхүү томоохон төсөл нь түүний тоглолтын уур амьсгалыг зочдод мэдрүүлэх зорилготой юм.


Т.Свифтийн алдарт “The Eras Tour” аялан тоглолтын үеийн тайзны өнгө төрхүүдийг дүрслэн харуулсан лаан баримлуудыг бүтээхэд Мадам Тюссогийн музейн 40 гаруй уран бүтээлч 14 сарын турш ажилласан байна. Эдгээр бүтээлийг Лондон, Нью-Йорк, Лас-Вегас, Орландо, Берлин, Сидней зэрэг хотуудад байрлах музейн салбаруудад дэлгэн тавьсан бөгөөд удахгүй Шанхайд үзэсгэлэн гаргана. Музейн цахим хуудсанд мэдээлснээр, жүжигчний хувцсыг яг адилхнаар дахин бүтээхийн тулд дэлхийн нэр хүндтэй загварын орднуудтай хамтран ажилласан байна. 


Энэ удаагийн 13 лаан баримлыг нэгэн зэрэг дэлгэн үзүүлсэн нь музейн хувьд 2023 онд Харри Стайлсын долоон баримал, 2011 онд Лэйди Гагагийн найман баримлыг танилцуулж байсан амжилтаас давж, урьд өмнө тохиогоогүй томоохон үйл явдал болжээ. Энэхүү санаачилга нь Т.Свифтийг орчин үеийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг гэдгийг илэрхийлэхийн сацуу хөгжмийн ертөнцийн түүхэнд хамгийн их орлого олсон түүний "The Eras Tour" аялан тоглолт өндөрлөж буй үетэй давхцаж байна. 



Related news