Монголын “тэнгэрийн зам” улам тэлсээр...

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-01 15:59:43

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улс дэлхийтэй агаарын замаар холбогдох боломжоо өргөжүүлсээр 2024 онд анх удаа 800 мянган гадаадын жуулчин хүлээн авч, түүхэн дээд амжилт тогтоолоо.


Энэ оны байдлаар Монголд гадаадын агаарын тээврийн 16 компани 22 чиглэлд шууд нислэг үйлдэж байна. Энэ нь манай улсын агаарын тээврийн үйлчилгээнд урьд өмнө байгаагүй үзүүлэлт юм. Ингээд энэ онд шинээр нээсэн нислэгүүдийн тоймыг хүргэж байна.


Олон улсын шинэ нислэгүүд:

  • БНХАУ-ын Хуаншань хотын чиглэлд 7 дугаар сарын 7-ноос 8 дугаар сарын 25-ныг дуустал даваа гараг бүр нислэг үйлдэнэ.
  • United Airlines компани 5 дугаар сарын 1-нээс Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээ эхлүүлсэн. Энэ нь АНУ-аас Монгол Улс руу хийсэн анхны шууд нислэг болсон юм. 
  • China United Airlines компани Ордос-Улаанбаатар-Ордос чиглэлийн холимог маршрутыг 7 дугаар сарын 18-нд шинээр нээж, долоо хоногт гурван удаа тогтмол нислэг үйлдэж байна.
  • БНХАУ-ын Энши хотын чиглэлд энэ оны 7 дугаар сарын 4-нөөс наймдугаар сарыг дуустал, баасан гараг бүр нислэг үйлдэнэ.
  • Сингапур руу хийх шууд нислэгийг 11 дүгээр сарын 4-нөөс эхлүүлж, долоо хоног бүрийн мягмар, бямба гарагт нислэг үйлдэнэ.
  • Улаанбаатар-Ташкент-Улаанбаатар чиглэлийн шинэ нислэгийг есдүгээр сард эхлүүлэх бэлтгэлийг хангаж байна.
  • “Чонжу-Мөрөн” чиглэлийн олон улсын анхны нислэгийг 7 дугаар сарын 29-нд үйлдэж, тогтмол нислэгийн боломжийг судалж байна.


Хөдөө орон нутгийн нислэгүүд:

  • Өмнөговь аймгийн Даланзадгад чиглэлд 8 дугаар сарын 12-26-нд нэмэлт нислэг үйлдэж байна. Энэ хугацаанд долоо хоног бүрийн лхагва, баасан, бямба, ням гарагт шууд нислэгтэй байх юм.
  • Мөрөн чиглэлд есдүгээр сар дуустал нислэг үйлдэнэ. Давтамж нь долоо хоногт 2-3 удаа байна.
  • Баян-Өлгий чиглэлд есдүгээр сар дуустал баасан, ням гараг бүр нислэг үйлдэнэ.
  • Улаангом чиглэлд 8 дугаар сарын 2-нд нэмэлт нислэг үйлдэнэ.


Монгол Улс агаарын тээврийн хөгжлийг зөвхөн нийслэлд төвлөрүүлэлгүй, орон нутгийн нисэх онгоцны буудлаас гадаад орон руу шууд нисэх боломжийг нээж байгаа нь жуулчин, бизнес, соёл, боловсролын харилцааг хөнгөвчилж буй томоохон ахиц юм. 





Related news