Тайланд, Камбожийн талууд гал зогсоох хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КУАЛА-ЛУМПУР, 2025 оны наймдугаар сарын 8 /NHK/. Тайланд, Камбожийн төлөөлөгчдийн дөрвөн өдрийн турш хийсэн хэлэлцээний дүнд гал зогсоох хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Мөн Малайз тэргүүтэй АСЕАН-ы баг энхийг сахиулах ажиллагааг зохицуулж ажиглахаар болсон байна.
Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо болсон хэлэлцээ пүрэв гарагт өндөрлөсөн бөгөөд сүүлчийн
өдрийн уулзалтад хоёр улсын Батлан хамгаалах яамны удирдлагууд оролцжээ. Малайзын тал эвлэрлийн хэлэлцээрийг зуучилсан бол АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид мөн уулзалтад ажиглагчаар оролцсон байна.
Хэлэлцээний дараа хоёр тал тусдаа хэвлэлийн бага хурал хийж, талууд харилцаа холбоогоо нээлттэй байлгахаар тохиролцсон гэж мэдэгджээ.
Тайландын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Наттафон
Накфанит хэлэхдээ, хоёр орон
энэ асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж чадвал хилийн бүсэд энх тайван эргэн тогтож, хүмүүс амар амгалан хэвийн
амьдралдаа эргэн орох боломжтой болно гэв.
Камбожийн тал
Тайланд, Малайз болон АСЕАН-ы бусад гишүүн оронтой нягт хамтран ажиллаж, сайн
санааны үндсэн дээр бүтээлчээр
хамтран ажиллахыг эрмэлзэж байгааг Камбожийн Батлан хамгаалахын сайд Цай
Сейха дахин нотолжээ. Хоёр тал цаашид нэг сарын дотор
дахин хэлэлцээ хийхээр тохиролцсон
байна.