ФЕАЛАК: “Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-22 18:30:16

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Зүүн Ази-Латин Америкийн хамтын ажиллагааны форум буюу ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын X уулзалт өнөөдөр Гадаад харилцааны яаманд болов.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Манай улс энэхүү олон талт үйл явцад 2010 онд нэгдэн орсон, энэ нь ФЕАЛАК-ын хүрээнд хурдтай хөгжиж байгаа дэлхийн өмнөдийн орнуудтай идэвхтэй хамтран ажиллах, Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогыг бэхжүүлэх, гуравдагч хөршийн бодлогын хамрах хүрээ, орон зайг тэлэхэд чухал ач холбогдолтой. Энэхүү арга хэмжээнд тус форумын гишүүн 33 улс, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Латин Америк, Карибын эдийн засаг, нийгмийн комисс болон тус форумын Цахим нарийн бичгийн даргын газрын нийт 120 гаруй төлөөлөгч оролцлоо. Гадаад хэргийн сайд нарын X уулзалт нь тус форумын 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж, “25 жил ба цаашдын төлөв: Зүүн Ази-Латин Америкийн хамтын ажиллагааны алсын хараа” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Түүний үр дүнгээр “Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийг баталлаа. Мөн энэ үеэр ФЕАЛАК-ын Ахлах албан тушаалтнуудын XXIV уулзалт, ФЕАЛАК-ын Сангийн удирдах зөвлөлийн уулзалт болон бусад Ажлын хэсгийн цуврал уулзалтыг зохион байгууллаа" гэлээ.


Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан "Зүүн Ази-Латин Америк хоорондын энэхүү цорын ганц механизмыг бид улам өргөжүүлэх ёстой. ФЕАЛАК байгуулагдаад 25 жил өнгөрсөн байна. Бид газар зүйн хувьд алслагдмал оршдгоос үл хамаарч хоёр тив хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирлээ. Манай хоёр орон адилхан далайд гарцгүй улс учраас бие биетэйгээ, мөн найрсаг харилцаатай орнуудтай нягт хамтран ажилласнаар хоёр улс хийгээд иргэд хоорондын харилцаа улам хөгжих боломжтой. Гэхдээ улс төрийн харилцаатай харьцуулахад худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг бусад салбарын харилцаа сул хэвээр байна. Ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт харилцаагаа өргөжүүлэхийн тулд нягт хамтран ажиллах бололцоотойг бид бүхэн харж байна. Гэхдээ хоёр орон хоёул далайд гарцгүй учраас логистикийн асуудал чухлаар тавигдаж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх арга замыг эрэлхийлэхийн тулд найрсаг харилцаатай орнууд, бүс нутгийн институц, байгууллагуудтай нягт хамтран ажиллахаа бид илэрхийлсэн" хэмээв.


НҮБ-ын Латин Америк, Карибын эдийн засаг, нийгмийн комиссын төслийн менежментийн нэгжийн захирал Жерардо Мендоза "ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нар хамгийн сүүлд Доминиканы Бүгд Найрамдах Улсын Сан-Доминго хотод уулзсанаас хойш зургаан жилийн хугацаа өнгөрчээ. Тиймээс Улаанбаатар хотноо болж буй энэхүү уулзалт нь туйлын чухал ач холбогдолтой. Монгол Улс эдгээр сайд нарыг цуглуулж, энэ цаг үед бид бүгдийн өмнө тулгарч буй нийтлэг сорилтуудыг хэрхэн хамтран шийдвэрлэх талаар хэлэлцлээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд бид цар тахал, дэлхийн дэг журамд гарсан янз бүрийн сорилт бэрхшээл гээд маш хүнд цаг үеийг туулж өнгөрүүлсэн. Гэхдээ энэ бүхнийг үл харгалзан бүс нутгийн хамтын ажиллагаа, найрсаг харилцааг улам бэхжүүлсээр ирлээ. ФЕАЛАК-ын үйл ажиллагаагаар дамжин, харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжинө гэж найдаж байна" гэв.


Монгол Улс Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум буюу ФЕАЛАК-ын Зүүн Азийн бүсийг төлөөлөн 2025-2027 онд Доминиканы Бүгд Найрамдах Улстай хамтран даргалахаар сонгогдсон. ФЕАЛАК нь Зүүн Ази болон Латин Америкийн орнуудын хооронд хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, эдийн засгийн яриа хэлцээг хөгжүүлэх зорилгоор 1999 онд байгуулагдсан хоёр тивийг холбосон цорын ганц албан ёсны яриа хэлэлцээний механизм юм.











Related news