ӨВӨРХАНГАЙ: Улсын аварга шалгаруулах тэмцээнд 18 аймгийн адуучид оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-08-23 13:13:02

Арвайхээр, 2025 оны наймдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын аварга шалгаруулах “Монгол адуучин” тэмцээн билгийн тооллоор зуны адаг сарын шинийн 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд боллоо.

Монголын Адуучдын холбоо, аймгийн Адуучдын холбоо хамтран зохион байгуулсан тус тэмцээнд 18 аймаг, нийслэлийн таван дүүргээс 32 адуучин залуус ирж оролцон авхаалж самбаа, ур чадвар, хүлэг морьдынхоо ид хавыг сорин өрсөлдсөн юм.



Энэ үеэр морин дээрээс ташуур, уурга шүүрэх, адуу уургалах, бугуйлдах, эмнэг хангал булгиулах тэмцээн өрсөлдөөнтэй болж, нийлбэр дүнгээр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, Нийслэлийн аварга адуучин Д.Сумьяасүх тэргүүлсэн бол Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, Монгол Улсын аварга адуучин Д.Түвшинжаргал, Увс аймгийн Тэс сумын харьяат, Аймгийн аварга адуучин Л.Галиндэв нар шалгарлаа.


Мөн эмэгтэйчүүдийн дунд морьтой саад тойрох тэмцээн болж, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын адуучин н.Ариунболор түрүүлсэн бол энэ жил анх удаа сайхан монгол азаргыг шалгаруулж, үзэмж төгс 23 хангал азаргаас Есөнзүйл сумын адуучин Б.Жавхландоржийн зээрд халзан шалгарав.



“Монгол адуучин” тэмцээнийг зохион байгуулахад аймгийн ЗДТГ болон Есөнзүйл сумын иргэд, малчин ардууд мөнгө санхүү, айраг, адуун сүргээрээ ивээн тэтгэснийг сумын Засаг дарга Д.Мягмарсүрэн хэлж, талархал илэрхийллээ. Монголын Адуучдын холбооноос улсын аварга адуучин шалгаруулах тэмцээнийг 2015 оноос эхлэн зохион байгуулжээ. 


Related news