ӨВӨРХАНГАЙ: Нэгдүгээр ангид 2600 гаруй хүүхэд элсэн суралцахаар бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-08-21 14:03:58

Арвайхээр, 2025 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсролын газраас 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ жил ерөнхий боловсролын 33 сургуульд 25200 гаруй сурагч суралцана.

Үүнээс 2600 гаруй хүүхэд нэгдүгээр ангид орохоор e-Mongolia цахим системд бүртгүүлжээ. Ерөнхий боловсролын сургууль бүрт эцэг, эхэд зөвлөгөө өгөх баг ажиллаж, зургаан настнуудыг 8 дугаар сарын 26 хүртэл цахим системд бүртгэж байна.


Төрийн өмчийн 45, хувийн хэвшлийн дөрвөн цэцэрлэгт 8000 гаруй хүүхэд суралцах бөгөөд цэцэрлэг тус бүрт хоёр настны бүртгэлийг хийж байна. Түүнчлэн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хэрэгжихтэй холбогдуулан цэцэрлэгийн багш нарт гурав хоногийн аргазүйн сургалтыг хийж байгаа аж.


2025-2026 оны хичээлийн жилийн онцлог гэвэл 3, 4 дүгээр ангид англи хэлний “Pearson” цогц хөтөлбөр, 6 дугаар ангид математикийн “Эдүтэн” гэх нэмэлт хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.


Аймгийн хэмжээнд цэцэрлэгийн багш нарын хангалт 100 хувь байгаа бол ЕБС-д есөн мэргэжлийн түр орон тоонд 32, бүр орон тоонд 116 багш, ажилтан дутагдалтай байна.


Дүрэмт хувцасны тухайд Засгийн газрын 2013 оны “Сурагчдын дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай” 250 дугаар тогтоолын дагуу орон даяар нэг загварын үндэсний үйлдвэрийн дүрэмт хувцсыг өмсөнө.

Мөн Боловсролын яамнаас поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт хувцасны нэр төрөлд оруулж, хүүхдийн хөдөлгөөн өсөлт хөгжилтийг үл хязгаарласан, эрүүл мэнд, Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон байдлаар стандарт шаардлагыг шинэчлэх саналыг боловсруулан Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлээд байна.

Related news