Монгол, Индонезийн хооронд дээд түвшний айлчлал хэрэгжүүлэхээр нягт хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2025-08-24 15:22:05
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн дэд сайд Аррманата К. Нассыр-ыг наймдугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Зүүн Ази-Латин Америкийн хамтын ажиллагааны форум (ФЕАЛАК)-ын Сайд нарын уулзалтын хүрээнд хүлээн авч уулзлаа.


Сайд Б.Батцэцэг энэ оны 05 дугаар сард Индонез Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын харилцааг шат ахиулан хөгжүүлэх талаар санал нэгдсэнийг тэмдэглээд, хөдөө аж ахуй, тэр дундаа халал махны экспортыг эхлүүлж, харилцааг бодит шинэ агуулгаар баяжуулахын чухлыг онцлов.


Талууд Монгол, Индонезийн найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглээд, 2026 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх, энэ хүрээнд дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллах талаар ярилцав.


Дэд сайд Аррманата К. Нассыр хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын Зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахын чухлыг онцлоод, цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.


Талууд НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад  байгууллагын хүрээнд цаашид ч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ.

Related news