Энхтайваны гүүрний зураг төслийн 60 хувийг шинэчлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-27 13:45:49

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Энхтайваны гүүрийн засварын талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр, “ГБЭТ” компанийн ерөнхий инженер Э.Тодгэрэл мэдээлэл өглөө.


Тэрбээр “Энхтайваны гүүрийг 1958 оноос хойш шинэчлээгүй, ашиглалтын засвар хоёр удаа хэсэгчлэн хийсэн. Ашиглалтын шаардлагад нийцэхгүй хийцлэлийн хувьд явган зам хөндий, ус зайлуулах систем хангалтгүй хэсэг бий. Бетоноор хэсэгчлэн цутгаад явахад замын ачаалал ихэснэ. Тиймээс Энхтайваны гүүрний зургийн ажлыг “ГБЭТ” компани 60 хувьтай гүйцэтгэж байна. Аравдугаар сарын 30-нд зургийн ажлыг дуусгаж, засварыг 2026 онд эхлүүлнэ” гэв.


Харин “ГБЭТ” компанийн ерөнхий инженер Э.Тодгэрэл ярихдаа “Энхтайваны гүүрийг өргөтгөх, хүчитгэх зураг, төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажил 60 хувьтай байна. Гүүр нь Т хэлбэрийн дам нуруу, үндсэн хэсэгтэй өлгөмөл буюу агаарт хавтан тавьсан дам нуруутай. Ашиглалтын шаардлага хангахгүй дүгнэлт гарсан. Шинэчилж зассанаар эдэлгээ нь 15-20 жилээр уртсах юм. Энхтайваны гүүрний явган хүний зам дагасан гэрлэн шон дагаж ус доошоо гүйж тогтдог. Өвөлдөө хөлдөж, зун гэсээд ууршдаггүй. Тогтоол ус нь бетоны марк, арматурын чанарыг муутгадаг. Тиймээс ус зайлуулагч, тусгаарлагчийг нэмэлтээр шийднэ. Энхтайваны гүүр нь нийтийн тээвэр, суудлын автомашин явах даацтай тул том оврын машин явахад дийлэхгүй, олон дахин чичиргээ өгөхөд эвдэрнэ” гэлээ.


Энхтайваны гүүрийг шинэчлэн засах ажлын явцад хөдөлгөөн хаах үед түр гүүрэн байгууламжийг ашиглана. Нийслэлд 42 байршилд авто зам засаж шинэчлэн дуусах шатандаа явж байна. Дүүргүүдэд хэрэгжүүлж буй 97 байршлын ажил аравдугаар сарын 30-нд дуусах төлөвлөгөөтэй байгаа аж. 

Related news