Уул уурхайн салбарынхан АМНАТ ногдуулах шинэ аргачлалын хэрэгжих хугацааг сунгаж өгөхийг хүслээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Г.Занданшатар уул уурхайн салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас ашигт малтмалын нөөц ашигласны
төлбөр (АМНАТ) тооцох аргачлалыг шинэчилж, уул уурхайн бирж буюу Монголын
хөрөнгийн биржийн арилжааны үнээр АМНАТ тооцохоор шийдвэрлэсэн билээ. Учир нь
АМНАТ тооцох аргачлалыг өөрчлөхгүй бол уул уурхайн салбарын аж ахуйн
нэгжүүдийн бүтээгдэхүүнээс бодит борлуулалтын үнэлгээнээс их төлбөр авч,
санхүүгийн дарамт үүсээд байсан юм. Тухайлбал, баяжуулсан коксжих нүүрс 22.6,
хайлуур жонш 54.3, төмрийн хүдэр 26.6 хувь илүү үнээр тооцож байсныг Аж
үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэллээ.
АМНАТ-ийг олон улсын жишиг үнээр тооцдог байсан нь түүхий эдийн үнэ өндөр байх үед компаниудад эергээр нөлөөлж байсан ч үнэ буурахад алдагдалд орж, компаниудын үйл ажиллагаа доголдоход хүрсэн байна. Бодит үнэлгээнд тулгуурласан, биржийн үнээр тооцдог зарчимд шилжүүлсэнд талархалтай байгаагаа “Энержи Ресурс” ХХК-ийн захирал Д.Энхбат хэлээд, энэ шийдвэрийн хэрэгжих хугацааг цаашид дахин сунгаж өгөхийг хүслээ. АМНАТ тооцох аргачлалд өөрчлөлт оруулсан Засгийн газрын шийдвэр он дуустал үргэлжлэх юм. Биржийн арилжаанд оролцдоггүй бусад нэр төрлийн нүүрсэнд АМНАТ ногдуулдаг болох саналыг Монголын нүүрсний ассоциацийн ерөнхийлөгч Б.Бямбадагва гаргалаа.
АМНАТ тооцох шинэ аргачлалаар, аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ дөрөвний нэгийг биржээр арилжаалбал нийт бүтээгдэхүүнийхээ үнэлгээг Монголын хөрөнгийн биржийн үнэлгээгээр тооцож АМНАТ төлөх юм. Ингэснээр биржийн арилжаа нэмэгдэж, улсын төсөвт 100 тэрбум төгрөгийн нэмэлт орлого төвлөрүүлэх тооцоог Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам танилцууллаа. “Ган хүдэр орд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мандахбаяр АМНАТ-ийг давхардуулан авч байгааг судалж, уул уурхайн салбарт бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд онцгой анхаарахыг хүсэв. Түүний саналыг судлахыг Ерөнхий сайд Сангийн яаманд чиглэл болголоо.