Улаанбаатар хот өвлийн бэлтгэлийнхээ 80 гаруй хувийг хангаад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот 2025-2026 оны өвлийн бэлтгэлийнхээ 86 хувийг хангаад байна.
Одоогоор дулааны гол 15.6 км шугам сүлжээг улс, нийслэл, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр, мөн 88.3 км шугам сүлжээ, 104 км авто замыг шинэчиллээ. Харин цахилгаан хангамжийн бэлтгэл 84 хувьтай үргэлжилж байна.
Энэ өвлийн бэлтгэлд 9518 тонн давс, 9590 тонн бодис нөөцлөх
шаардлагатай бол өнгөрсөн жилийнхээс 2235 тонн давс, 4866 тонн бодис үлджээ. Иймд
5000 тонн давс, 3000 тонн бодис нөөцөлнө. Нийслэл энэ жил хог тээвэр, зам
талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 240 ширхэг тусгай зориулалтын
машин механизм авахаас 157-г нь авсан. Давс, бодис цацагч тусгай зориулалтын 68,
зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин техник байгаа аж.
НИТХ-ын ээлжит бус хуралдааны үеэр Улаанбаатар хотын Ерөнхий
менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Өвлийн бэлтгэл хангах
төлөвлөгөөг өнгөрсөн нэгдүгээр сард гаргаж, үндсэн шугам тоноглолын 31 төрлийн
98 ажил, урсгал засвараар 3387 шугам тоноглолыг хуваарийн дагуу засаж байна.
Төлөвлөсөн ажлынхаа 90 хувийг гүйцэтгээд байгаа. Нийслэл, дүүрэг, төслийн
хүрээнд энэ онд 181 блок барилга дулаалахаар төлөвлөсөн нь 71 хувьтай байна. Нийслэлийн
боловсролын салбарын өвлийн бэлтгэл 75, эрүүл мэндийн салбарынх 87.5 хувьтай
байна” гэлээ.