Орхон аймгийн брэндээр таван бүтээгдэхүүн шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн брэнд бүтээгдэхүүнээр “Цагаан итгэлт” ХХК-ийн “Жигнэмэгийн цуглуулга”, “Эрдмийт” ХХК-ийн “Махны цуглуулга”, “Натурал текстайл” ХХК-ийн “Түүхэн дурсгалт хивс”, “Ширмэг цүнх” ХХК-ийн арьсан бүтээгдэхүүн, иргэн С.Түмэнбаярын “Зэс аяга” шалгарлаа.
Аймгийн Засаг даргын А/421 тоот захирамжаар гадна, дотны жуулчид болон хэрэглэгчдийн таашаалд нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, бэлэг дурсгалын зүйлийн нэр төрлийг олшруулах зорилгоор Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн дунд гурван сарын хугацаатай уралдаан зарласан юм. Уралдаанд 19 иргэн, аж ахуйн нэгжийн 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн иржээ.
Аймгийн ЗДТГ-ийн Хөгжлийн бодлогын хэлтэс 2014 онд “Брэнд” бүтээгдэхүүний уралдаан зарлахад, “Орхон хаан сүлжмэл”, “Натурал альфа”, “Жүр үр”, “Ширмэг цүнх” ХХК-ийн бүтээгдэхүүн шалгарч байжээ. Ийнхүү орон нутгийн брэнд бүтээгдэхүүн шалгаруулж буй гол зорилго нь компанийн нэр хүндийг өсгөх, үйл ажиллагааг нь сурталчлах, хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүнээр хангахад оршиж байгаа юм.
Б.Оюун-Эрдэнэ