Сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсад мөрдөж буй сайжруулсан хатуу түлшний стандарт шинэчлэн баталж, өнөөдрөөс “MNS5679:2025” стандартыг мөрдөж эхэллээ.
Мидлингэн шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсний дараа “Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага” MNS 5679:2022 стандартыг батлуулж, мөрдөж байсан. Энэхүү стандартыг шинэчлэн баталж, техникийн шаардлагыг илүү нарийвчилж, чангатган, олон улсын түвшинд хүргэжээ. Тус стандартад хагас коксон түлш нь нүүрсийг дулааны аргаар боловсруулан авсан 13-50 мм ширхэглэлтэй хагас кокс, хагас коксыг холбогчтой шахсан түлш гэж тусгасан байна. Түүнчлэн шинэ стандартад хагас коксон түлшний техникийн шаардлагыг дараах байдлаар тусгасан байна.
Тодруулбал, илчлэг 5500 ккалл/кг-аас багагүй, хүхэр
0.5 хувиас ихгүй, дэгдэмхий бодис 12 хувиас ихгүй, чийг 6.0 хувиас ихгүй, үнслэг
байдал 20 хувиас ихгүй байхаар тусгажээ. Мөн 25 кг-ын нэг шуудай түлшний
үйрмэгийн хэмжээ нь нийт жингийн 5.0 хувиас хэтрэхгүй байхаар стандартад
тусгасан байна.