Цахилгаан дугуй, скүүтер түрээслэгчдийн төлөөллөөс бүрдсэн дэд ажлын хэсэг байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-09 09:32:18

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч П.Батчимэг нарын 9 гишүүнээс өргөн мэдүүлсэн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлээд буй.


Энэхүү хуулийн төслийг УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг ахалж, О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Х.Баасанжаргал, О.Номинчимэг, Д.Пүрэвдаваа, Л.Соронзонболд нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Уг ажлын хэсэг энэ сарын 8-нд анхны хуралдаанаа хийлээ. Ажлын хэсгийн хуралдаанаар хуулийн төслийг тал бүрээс нь хэлэлцэх зорилгоор холбогдох төрийн байгууллага, нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, скүүтер түрээсийн үйлчилгээ эрхлэгчид, мэргэжлийн хүмүүс, иргэдийн төлөөлөл зэрэг олон талын төлөөллөөс бүрдсэн дэд ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэдийн эрүүл, аюлгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргах чиглэлд энэхүү хуулийг төслийг намрын чуулганы хугацаанд батлуулахаар ажиллаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Related news