БАЯНХОНГОР: Эртний чулуун зэвсгийн үеийн бууцыг Уран хайрханаас олж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-10 10:34:35

Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол орны нутгаас олдсон доод палеолитын үеийн хамгийн эртний дурсгал нь Баянхонгор аймгийн Баян-овоо сумын нутаг Уран хайрхан уулын Нарийн голын хөндийгөөс олдсон бүлэг дурсгалууд юм.

Уран хайрханы орчмын Нарийн голын хөндийгөөс 1986 онд Монгол, Зөвлөлтийн судлаачид нийт 2700 гаруй чулуун эдлэл олж цуглуулсан бөгөөд тэдгээр нь он цагийн хувьд палеолитын өөр өөр үед холбогдоно. Тодруулбал, палеолитын доод, дунд, дээд үед холбогдох 50 орчим бууц, сууринг илрүүлэн олсон бөгөөд энэхүү дурсгалуудын он цагийн хамаарлыг судлаачид 500-850 мянган жилээр тогтоосон байдаг. Суурингуудын долоо нь доод палеолитын үед холбогдохын зэрэгцээ тав нь дархны газар байсан байна.

“Нарийн гол-17Б” голомтоос ногоон саарал өнгийн цахиранцараар хийсэн ихэд өгөршсөн шинжтэй 212 чулуун эдлэл олдсоны гадарга нь эртний шинжтэй болохыг судлаачид онцлон анхаарч үзсэн нь бий. Эдгээр чулуун эдлэлийн цуглуулгын дотор нэг цохих талбайгаас цохиж хэд хэдэн хажуугаас нь залтас, ялтас цуулсан үлдцүүд арай илүү олон тоотой байжээ.

Иймэрхүү төрлийн үлдцүүд ховор байдгийн зэрэгцээ леваллуа маягийн үлдэцтэй харьцуулахад завсарын шинжтэй, хөндлөн огтлолоороо чон хэлбэрийн гилбэр зэвсэг олдсон нь нэн сонирхолтой. Бүхэлдээ энэхүү цуглуулгын доод палеолитын үед хамааруулан үзэж болох эртний шинжтэй нь чулууг хагалж засах анхдагч үйл ажиллагаатай холбоотой болохыг онцлууштай.

Related news