БАЯНХОНГОР: Үйлдвэрүүд 1000 тонн мах нөөцөлнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Энэ онд Баянхонгор аймгийн 20 сумын 103 багийн 13.2 мянган малчин өрхийн 8.3 мянган хот айлд 4 сая шахам мал өвөлжиж, хаваржина.
Тус аймаг өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангаж, өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлж байна. Өнөөдрийн байдлаар, Баянхонгор аймаг бүдүүн тэжээл 1024.5 тн, хүчит тэжээл 364.7 тн, эрдэс 0.4 тн бэлтгэж, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт 23.6 хувьтай байгаа юм.
Сумдын удирдлагууд өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлэх, мал мах бэлтгэн эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч байна.
Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй мах бэлтгэлийн гурван үйлдвэртэй. Тус үйлдвэрүүд энэ онд богийн мах 670 тн, бод малын мах 330 тонныг нөөцлөхөөр, худалдан борлуулахаар 3500 тонн мах авахаар бэлтгэл ажлаа хангажээ.
Ташрамд дурдахад, бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн тооцсоноор Баянхонгор аймгийн ихэнх сумдад бэлчээрийн даац хэтэрсэн үзүүлэлт гарсан байна.