ОРХОН: Өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлыг 96.3 хувиар хангаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-10-10 16:34:33

Баян-Өндөр, 2025 оны 10 дугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Мал аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан байдалтай танилцах, төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор Хүнс Хөдөө аж ахуйн газраас Баян-Өндөр, Жаргалант сумын 12 чиглэлийн нийт 431 өрхөөр орж цаг үеийн байдалтай танилцлаа.


Аймгийн хэмжээнд 1102 малчин өрхөд 187.8 мянган толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээс 525.2 мянган толгой мал өвөлжүүлэх төлөвтэй байна. Оны эхний нийт мал сүргийн 34.9 хувь буюу 61.4 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар байна.

Орхон аймаг 38.3 мянган га бэлчээрийн талбайтай бөгөөд үүнээс 1400 га хадлангийн талбайгаас  хадлангаа бэлтгэдэг. Энэ жилийн хувьд  бэлчээрийн талбайн ургамлын ургацыг тодорхойлоход 1 га-ын дундаж ургац нь 4.4 цн/га байна. 


Аймгийн хэмжээнд малчдын түвшинд 17500 тн байгалийн хадлан бэлтгэх бөгөөд 2025 оны 10 дүгээр сарын 7-ны байдлаар 17854 тн байгалийн хадлан бэлтгээд байна. Баян-Өндөр сум 9500 тн бэлтгэхээс 9854 тн, Жаргалант сум 8000 тн буюу 100 хувь бэлтгэжээ. 


Өөрийн аймгийн хадлангийн талбайгаас 2000 тн, хөрш зэргэлдээ аймаг, сумдын талбайгаас 10354 тн, зах зээлээс 5500 тн тус тус бэлтгэсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 56 дугаар тогтоолоор аймаг, сумдын аюулгүйн нөөцөд нийт 166 тн бүдүүн тэжээл, 144 тн хүчит тэжээл бэлтгэхээс 190 тн өвс, 112.5 үйлдвэрийн тэжээлийг  тус тус бэлтгэн аймгийн аюулгүйн нөөцөд: Өвс 60 тн, тэжээл 42.5 тн, Баян-Өндөр сум: Өвс 80 тн, тэжээл 40 тн, Жаргалант сум: Өвс 50 тн, тэжээл 30 тн бэлтгэжээ.


Өвс, тэжээлийн үнэ ханшийн мэдээ: 


Өвс 13000-15000 төгрөг

Хивэг /25 кг25000-26000 төгрөг

Тэжээлийн будаа 1 тн 800 000-1000 000 төгрөг

 Нэг боодол ногоон тэжээл-16000-18000 төгрөг

 Хорголжин тэжээл /40кг/-48000 төгрөг

  Хужир, шүү 1кг-1000-1300 төгрөгийн үнэтэй байна. 


Аймгийн хэмжээнд мал аж ахуйн салбарын 2025-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг 96.3 хувиар ханган ажиллалаа. Харин газар тариалангийн хувьд аймгийн хэмжээнд газар тариалангийн салбарт 13 аж ахуйн нэгж, 272 өрх үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд 5156 га талбайд тариалалт хийхээр төлөвлөн, гүйцэтгэлээр 5691 га талбайд тариалалт хийж, ургацын урьдчилсан балансаар улаанбуудай 3583 га талбайгаас 8958 тн /25 ц/га/, төмс 165.1 га талбайгаас 1457 тн /88.2 ц/га/, хүнсний ногоо 463.4 га талбайгаас 5760 тн /124.4 ц/га/ тогтоосон байна.


Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч “Бүтлийн Ундарга” ХХК-ийн ХК З190 марктай 100 тонн, “Орхон тариа” ХХК-ийн ХКЗ марктай 60 тонн, “Алтантошлой” ХХК-ийн ХКЗ-190 маркын 60 тонны даацтай жингүүдийг Стандарт хэмжил зүйн газраар шалгуулан баталгаажуулсан. 


Ургац хураах ажилд  Орхон аймаг дахь Политехникийн коллежийн 116 оюутан, Батлан хамгаалах их сургуулийн 60 сонсогч, 15 хугацаат цэргийн албан хаагч гэрээгээр ажиллаж байна. Мөн орон нутгийн ажилгүй иргэд ургац хураалтад оролцож өдрийн 70.0-80.0 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байна. 

Аймгийн хэмжээнд 5691 га талбайд хураалт хийхээс  2025 оны 10 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар улаан буудай 3020 га-аас 9155.6 тн, малын тэжээл 526 га-аас 740.8 тн, тосны ургамал 595 га-с 700 тн, төмс 155.9 га-аас 1461 тн, хүнсний ногоо 335.4 га-аас 4525 тн ургац хураан авч ургац хураалтын ажил 81.3 хувьтай  үргэлжилж байна.


 

 


 

 

 


Related news