Олон улсын нээлттэй тэмцээнд “Таванхан”-ыхан илүүрхлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-15 20:43:09

Олон улсын нээлттэй шатрын тэмцээнийг Сэлэнгэ аймагт болсон нь хөдөө орон нутагт анх удаа зохион байгуулсан явдал боллоо.

Монгол Улсын спортын мастер, ОХУ-ын Буриад Улсын гавьяат дасгалжуулагч Р.Баянбайгалийн нэрэмжит шатрын Олон Улсын нээлттэй тэмцээн Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Спортын бүрэн дунд сургуулийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан уг тэмцээнд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотоос нийт 107 тамирчид оролцлоо. Эдгээр тамирчдаас Олон улс, улсын цол зэрэгтэй 21, олон улс, улсын рейтингтэй 53, спортын мастер цолтой 8 тамирчид байлаа. Тэмцээн маш өрсөлдөөнтэй болж, Сэлэнгэ аймгийн “Таванхан” шатрын клубын тамирчид илт давуу байдлаар хожиж гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, шагналт тусгай байрт мөн гурван тамирчин шалгарчээ.

Алтан медалийн эздээр Д.Чингүн, Б.Амин-Эрдэнэ, Т.Номиндалай, мөнгөн медалийн эзнээр О.Энх-Амгалан, хүрэл медалийн эздээр Д.Цэлмүүн, Б.Бодьгэрэл, О.Билэгт нар байв. Харин шагналт тусгай байрын эздээр О.Халиун, Г.Алтансүх, Б.Энхжаргал нар шалгарчээ.

Өмнө нь Нийслэл хотноо болдог байсан энэхүү тэмцээн гурван жил өнжсөний дараа ийнхүү хөдөө орон нутагт болж буйгаараа онцлогтой болжээ. Уг тэмцээнийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, аймгийн БТСГ, Спортын бүрэн дунд сургууль хамтран зохион байгуулсан байна.  

Ч.Отгонцэцэг

Related news