Нэгдүгээр ангид 2200 гаруй хүүхэд элсэн орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
montsame_user@montsame.mn
2015-09-04 15:49:00

2015-2016 оны хичээлийн шинэ жилд Увс аймгийн ерөнхий боловсролын 30 сургуулийн 686 бүлэгт 17600 орчим хүүхэд хамрагдах юм байна. Дүйцсэн хөтөлбөртэйгээ нийлээд 18300 орчим хүүхэд ЕБС-д суралцах аж. Шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж, сургалтын үйл ажиллагаа хэвийн эхлэлээ. Энэ жил аймгийн хэмжээнд урьдчилсан байдлаар ЕБС-ийн 1-р ангид 2200 гаруй хүүхэд элсэн ороод байна. 

Цэцэрлэгт 6600 хүүхэд хамрагдахаас одоогоор 4650 орчим хүүхэд хамрагджээ. Цэцэрлэгийн багтаамж аймгийн төв буюу Улаангомд хүндрэлтэй байна. Нэг бүлэгт дунджаар 50 орчим хүүхэд суралцаж байгаа нь ачаалал их өгч байгаа аж. Хөдөө сумдын цэцэрлэгүүдийн хувьд байдал хэвийн байна. Улаангомд 4 хувийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас 3 нь улсын төсвөөс, 1 нь гадаадын төслийн байгууллагаас санхүүжилт авсан аж. Цэцэрлэгийн хүрэлцээ, хангамжийг сайжруулах тал дээр аймгийн төр захиргаа, хувийн хэвшлийн байгууллагууд анхаарч ажиллаж байна.
Энэ жил Увс аймгийн зарим сургууль, дотуур байрыг улсын төсвийн хөрөнгөөр засварласан байна. Тухайлбал, Тариалан, Сагил сумын дотуур байрыг их засварт оруулсан бөгөөд засварын ажил бүрэн дуусч одоогоор хүүхдүүдээ хүлээж авчээ. Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийн дотуур байрыг Японы “Өвсний үндэс” төсөл болон аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр засварласан байна. Мөн Тэс, Бөхмөрөн сумын сургуулийн хичээлийн байрыг улсын төсвийн хөрөнгөөр засч байгаа бөгөөд засварын ажил хараахан дуусаагүй аж. Гэвч тухайн сургуулиуд дотоод нөөц боломжоо ашиглан сургалт хүмүүжлийн ажлаа эхлүүлжээ.
Өнгөрсөн сарын дундуур авсан нэг жилийн багшлах эрхийн шалгалтад 184 хүн шалгуулснаас 80 шалгуулагч тэнцэж, ажлын байрны сонгон шалгаруулалтад орох бүрэн эрхтэй болсон байна.

Б.Батхүү

Related news
Comments