ОХУ-ын МГИМО төгсөгчид өнөөдөр уулзалтаа хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
gantuya@montsame.mn
2016-11-16 14:18:30

ОХУ-ын МГИМО буюу Москвагийн Олон улсын харилцааны их сургууль төгсөгчдийн уулзалт өнөөдөр 18:00 цагаас РЦНК-д болно.

Тус сургуулийг 1944 онд байгуулж, дайнд оролцоод буцаж ирсэн 200 орчим дайчдыг элсүүлж байжээ. Харин 1946 онд монголоос 6 иргэн суралцаж эхэлсэн нь МГИМО-гийн анхны гадаад оюутнууд нь байсан юм.

Энэ жил МГИМО-д монгол хүн суралцаж эхэлсний 70 жилийн ой тохиож байгаа билээ. “МГИМО Монгол төгсөгчдийн холбоо” ТББ-ыг 2005 онд байгуулсан бөгөөд Ерөнхийлөгчөөр нь П.Цагаан ажиллаж байна.

П.Цагаан нь тус сургуульд суралцах хугацаандаа “Монголчуудын оюутны холбоо”-ны даргаар ажилладаг байжээ.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсаас 500 орчим хүн тус сургуулийг төгсчээ. Мөн Монголын нийт дипломатч нарын 90 орчим хувь нь энэ сургуулийн төгсөгчид байдаг аж. Тухайлбал, 7-8 төгсөгч Гадаад харилцааны сайд, нэг нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байв. Түүнчлэн одоогийн УИХ-д 3, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр хоёр, Ерөнхий сайдын зөвлөхөөр нэг төгсөгч ажиллаж байна. 

Уулзалтад П.Цагаан, С.Пүрэвсүрэн, Ц.Мөнх-Оргил, Ё.Отгонбаяр, Сү.Батболд, А.Баттөр, Д.Зоригт, Д.Цогтбаатар зэрэг үе үеийн төгсөгчид хүрэлцэн ирнэ. Мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл оролцох юм байна.

Н.Туяа

 

Related news