Орос, Беларусийн цаначдыг Олимпод оролцуулахгүйгээр шийдвэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-10-22 13:53:34

МОСКВА, 2025 оны аравдугаар сарын 22. /ТАСС/. Орос, Беларусын тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг Олон улсын цанын ба сноубордын холбоо /FIS/ өчигдөр гаргасан байна.


Ингэснээр тус хоёр улсын цаначид ба сноубордын тамирчид ирэх онд Италид болох өвлийн Олимпын наадам ба Паралимпын тоглолтын сонгон шалгаруулах тэмцээнүүдэд оролцох боломжгүй боллоо.


FIS-ийн хурал болохын өмнө Оросын цаначдад бага боловч найдлага байсан юм. Учир нь, тус холбооноос Оросын тамирчдыг тэмцээнд оруулах шалтгаануудыг дурдсан захидлыг үндэсний холбоодод илгээсэн тухай мэдээлэл цацагджээ. Иймээс цаначдыг бие даасан статустайгаар Олимп болон бусад тэмцээнд оролцуулах болов уу гэсэн найдлага төрж байв. Мөн FIS-ийн ерөнхийлөгч Йохан Элиаш Оросын тамирчдыг буцаан ирүүлэхийн тулд багагүй хүчин чармайлт гаргаж байна гэх мэдээ Норвегийн хэвлэлүүдэд гарч байсан юм.


ТАСС агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, Норвег, Швед зэрэг Европын зарим улсын төлөөлөгчдийн зүгээс Оросын тамирчдыг оролцуулахгүйн тулд FIS-ийн гишүүдийг ятгаж, Олимпын тоглолтыг бойкотолно гэх зэргээр сүрдүүлж байжээ.  


Олимпын гурван удаагийн аварга, цаначин А.Большуновын үзэж байгаагаар, гадаадынхан илүү хүчтэй өрсөлдөөнийг хүсээгүй учраас FIS Оросын тамирчдыг оролцуулахгүй гэж шийдвэрлэсэн байна.


Дэлхийн залуучуудын хошой аварга С.Коростелев нийгмийн сүлжээн дэх хуудсандаа хүүхэд ахуйн гэрэл зургуудаа нийтэлж, Олимпод оролцоно гэдэг итгэл найдвараа илэрхийлэн бичжээ. “Тэд биднийг шийтгэж байна гэж бодож байгаа байх, үнэндээ бол өөрсдийгөө шийтгэж байгаа юм. Спортын нэр хүнд, орлого, цанын спортын ирээдүй алдагдаж байна. FIS-д эрс шинэчлэл хийх хэрэгтэй болсон нь дахин харагдлаа” гэж тэрбээр өгүүлжээ.


FIS-ийн шийдвэрийг Спортын арбитрын шүүхэд /CAS/ ойрын үед давж заалдана гэдгээ Оросын цанын төрлүүдийн холбоо мэдэгдсэн байна. Асуудлыг Олимпоос өмнө шийдвэрлэхийн тулд нэхэмжлэлийг түргэвчилсэн байдлаар хэлэлцэх ёстой.


Энэ тухайд Төрийн Думын биеийн тамир, спортын байнгын хорооны орлогч дарга Д.Свищев хэлэхдээ “ийм шийдвэр гарна байх гэж бодож байлаа, боломж бол бага байсан, гэхдээ шүүхэд хандаж эрхээ хамгаалах боломж бидэнд бий” гэлээ.


Өвлийн Олимпын наадам 2026 оны хоёрдугаар сарын 6-наас 22-нд Италийн Милан, Кортина-д'Ампеццо хотуудад явагдана. 

Related news