Нарны эрчим хүчээр ажилладаг гэрлийг туршилтаар суурилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-11-16 14:18:48
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Хүрэнбулаг багт нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлгийг туршилтаар суурилуулж эхэллээ. Үүнийг “Их цамхаг хүрээ” ХХК тавьж байгаа юм.

Тус компани Хүрэнбулаг багийн гудамжинд найман ширхэг “эко” гэрлийг үнэ төлбөргүйгээр суурилуулж өвлийн ид хүйтэнд хэрхэн ажиллах, эрчим хүчинд ямар хэмнэлт бий болгох талаас нь судалж үр дүнг нь тухайн багийн оршин суугч болон орон нутгийн удирдлагуудад танилцуулах юм. Үүний дараа хотын төвийн гэрэлтүүлгийг солих эсэхээ шийдэх ажээ. 

“Их цамхаг хүрээ” ХХК нь БНХАУ-ын “LongVolt energy” компанитай хамтран ажилладаг. “LongVolt energy” компани нь нарны эрчим хүчээр ажилладаг төрөл бүрийн гэрэл үйлдвэрлэдэг бөгөөд хотын гудамжны гэрэлтүүлгийг компьютерийн нэгдсэн удирдлагаар асаах, унтраах бүхий л тохируулгыг нь хийх юм.

Орхон аймаг сүүлийн гурван жилд гудамжны гэрлээ лед гэрлээр сольж байгаа. Гэвч энэ нь цахилгаан зарцуулалтыг багасгаж чадахгүй байгаа юм. Иймд сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг гэрлийг ашиглах нь байгаль орчин, эдийн засаг, хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэдгийг олон нийт ойлгох нь чухал ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Related news