АРХАНГАЙ: Нийтийн бүжгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-11-04 23:05:19

Эрдэнэбулган, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Нийтийн бүжгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, иргэдийн эрүүл мэнд, амьдралын зөв хэм маягийг бий болгох, бие бялдар, гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэх, нийтийн бүжгийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, түүгээр хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, ур чадварыг сорих, туршлага солилцох, улсын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл хангах зорилгыг агуулжээ.


Бүжгийн тэмцээний дөрвөн насны ангилалд 14 хос 28 тамирчин оролцсон. Анхлан суралцагчдын төрөлд “Эгшиглэнт гурван тамир” бүжгийн клубийн тамирчин Ц.Түвшинжаргал, Б.Алтанцэцэг нар, залуу насны ангилалд мөн тус клубийн тамирчин Д.Эрхэмбаяр, Б.Дашдулам нар, дунд насны ангилалд Хашаат сумын тамирчин Б.Энхбаяр, Ц.Алгирмаа нар тэргүүн байранд орж, цом, алтан медаль, мөнгөн шагналаар шагнуулсан байна. Мөн жараас дээш насны ангилалд “Эгшиглэнт гурван тамир” бүжгийн клубийн тамирчин Л.Энхбаяр, О.Дэлгэрмаа нар тэргүүллээ.


Эдгээр тамирчид 2025 оны 11 дүгээр сарын 29-нд Багануур дүүрэгт болох Багануур дүүргийн нэрэмжит, нийтийн бүжгийн спортын чансаа ахиулах улсын тэмцээнд оролцоно.


Нийтийн бүжгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаагаа УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн дэмжлэг, аймгийн Засаг даргын санаачилгаар Монголын нийтийн бүжгийн спортын холбооны Архангай дахь салбар зөвлөлөөс аймгийн Биеийн тамир, спортын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, ЭМГ зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулсан юм.


Related news