Морингийн даваанд үйлдвэр барих газрыг чөлөөлөх ажил үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-12 09:22:31

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотыг хөгжүүлэх мега төслийн хүрээнд ХУД-ийн 12 дугаар хороо, Морингийн давааны 10 га газарт жилд 1.5 сая тонн хог хаягдал шатааж, хоногт 35 МВт эрчим хүч гаргах үйлдвэрийг 2025-2028 онд барина.


Нийслэлд нийт  хог хаягдлын 88.6 хувийг булж устгаж, 11.4 хувийг дахин боловсруулдаг. Хогийг булж устгах арга нь байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй, метан хийг ихээр ялгаруулдаг. Дээрх үйлдвэрийг барьснаар хогийг булж устгахгүйгээр илүү дэвшилтэт арга болох шатаах аргаар хог хаягдлыг устгаж, эрчим хүч гарган авах боломжтой. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих түншлэлийн гэрээг “Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах” компанитай аравдугаар сард байгуулсан. Уг бүтээн байгуулалтыг 30 сарын хугацаанд хийх юм.


НЗДТГ-ын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар төслийн талбайн газар чөлөөлөх ажил үргэлжилж байна. Нийт 158 нэгж талбараас 101 нэгж талбарыг чөлөөлж, 64 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Газар чөлөөлөлт хийж дууссанаар үйлдвэрийг барьж эхэлнэ. 


Тус үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хот нийт хог хаягдлынхаа 31.8 хувийг шатаах боломжтойгоос гадна шатаах явцад үүссэн эрчим хүчийг төвийн шугамд нийлүүлнэ.


Мөн Улаанбаатар хот 2040 онд нийт хог хаягдлынхаа 50 хувийг дахин боловсруулалтад оруулж, дахин боловсруулах боломжгүй 42 хувийг шатааж устган эрчим хүч үйлдвэрлэх юм.

Related news