Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-12-12 10:44:00

БАНГКОК, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /BBC/. Камбожийн хил дээр долоо хоног орчмын турш үргэлжилсэн мөргөлдөөний дараа Тайландад парламентыг тарааж, 45-60 хоногийн дотор бүх нийтийн сонгууль зарлахаар болжээ. 


Тайландын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул гурван сарын өмнө үүрэгт ажилдаа орсон засгийн газрынх нь хувьд зарим асуудлыг зохицуулахад хүндрэл тулгараад буйг дурдаад, үүнд хилийн мөргөлдөөний үеэр хүний амь эрсэдсэнийг эш татсан байна.


“Зохих шийдэл бол парламентыг тараах явдал юм... энэ бол улс төрийн эрх мэдлийг ард түмэнд буцааж өгөх арга зам юм” гэж тэрбээр мэдэгджээ. Бизнесийн магнат А.Чарнвиракул 2023 оны наймдугаар сараас хойш томилогдсон Тайландын гурав дахь ерөнхий сайд юм. Тэрбээр энэ оны есдүгээр сард засгийн эрхийг авахдаа нэгдүгээр сарын эцэс гэхэд парламентыг тараана гэж мэдэгдэж байлаа.


Гэсэн хэдий ч одоо итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалттай тулгараад буй А.Чарнвиракул сонгуулийг хойшлуулсан байна. Мөн өнгөрсөн сард Тайландын өмнөд нутагт болсон үерийн гамшгийн улмаас 176 хүн амиа алдсантай холбогдуулан А.Чарнвиракул болон түүний “Тай үндэстний бахархал” нам хүчтэй шүүмжлэлд өртсөн байна. Түүнчлэн парламентыг тараах шийдвэр нь Камбожтой мөргөлдөөн дахин дэгдээд буй үетэй давхцаж байна. Мөргөлдөөний үеэр 20 хүн амиа алдаж, олон зуун мянган хүн дүрвэжээ.


“Засгийн газар улс оронд тулгамдаж буй яаралтай асуудлуудыг хурдан шийдвэрлэхийн тулд төрийн захиргааны бүхий л арга хэрэгслийг ашигласан... гэхдээ улс орныг удирдахад тогтвортой байдал шаардлагатай” гэж Тайландын хаан Маха Важиралонгкорны гарын үсэг зурсан зарлигт А.Чарнвиракул бичжээ. Ерөнхий сайд өмнө нь өөрийг нь дэмжиж байсан парламентын хамгийн том нам болох залуу, дэвшилтэт үзэлт Ардын намын дэмжлэгийг алдсаны дараа парламентыг тараах шийдвэр гарсан байна. Ардын Нам болон прагматик, консерватив “Тай үндэстний бахархал” бол үзэл суртлын хувьд эсрэг тэсрэг үзэлтэй намууд юм.


Сөрөг хүчний эвслийн хувьд тодорхой нөхцөлтэйгээр дэмжлэг үзүүлсэн бөгөөд тэд А.Чарнвиракулыг Тайландын цэргийнхний боловсруулсан үндсэн хуулийн шинэчлэлийг эхлүүлж, дөрвөн сарын дотор парламентыг тараахыг хүссэн байна. Ардын нам одоо “Тай үндэстний бахархал” намыг уг хэлэлцээрийг биелүүлээгүй гэж буруутгаж байна. Мөн А.Чарнвиракулын засгийн газрыг Тайланд дахь луйврын төвүүдийг таслан зогсооход хангалттай арга хэмжээ аваагүй хэмээн буруутгаж, баасан гарагт итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт явуулах хүсэлт гаргахаар төлөвлөж байсан гэж Тайландын хэвлэлүүдэд мэдээлжээ.


Тайланд улс сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн үймээн самуунтай байгаа бөгөөд шүүх хоёр ерөнхий сайдыг огцруулсан юм. А.Чарнвиракулын өмнөх Ерөнхий сайд Пхетхонгтхам Чинават Камбожийн хуучин удирдагч Хун Сенийг “авга ах” гэж дуудаж, Тайландын армийг утсаар шүүмжлэн ярьж байгаа нь ил болсны дараа ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр огцорсон юм. Түүний өмнөх удирдагч Сретта Тависин шоронд хоригдож байсан хуульчийг засгийн газартаа томилсноор ёс зүйг зөрчсөн хэргээр огцорсон билээ.

 


Related news