"MERS” вирус газар авч болзошгүйг анхааруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-11-21 12:21:37

ЭР-РИЯД. /Xinhua/. Цаг агаар хүйтэрч байгаатай холбоотойгоор “Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж” буюу “MERS” титэмт вирус газар аван тархаж болзошгүй гэж Саудын Арави улс анхаарууллаа.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд тус улсад дөрвөн эрэгтэй хүн уг вирусийн халдвар авсан нь тогтоогдсоны дараа ийм анхааруулга гаргажээ. Энэ дөрвөн хүн бүгд тэмээнээс халдвар авсан байна.

Тэмээтэй харьцахдаа анхаарал болгоомжтой байхыг холбогдох албаны хүмүүс болон  байгууллагууд олон нийтэд уриалсаар байгаа боловч “энэ амьтан амь насанд хүрэх аюултай “MERS” вирусийг тараагч эх үүсвэр гэдэгт итгэхгүй байгаа олон хүн байна” гэж тус улсын эрүүл мэндийн албаны хүн хэллээ.

2012 оноос хойш Саудын Аравид “MERS” титэмт вирусийн халдвар авсан 1483 тохиолдол бүртгэгдсэнээс 616 хүн нас баржээ. “MERS”-ийн халдвар авсан хүмүүс болон энэ вирусээр нас барагсдын тоогоор тус улс дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна.

Г.Доржханд

 

Related news