Ховдын гурван суманд өвөлжилт хүндэрч, тусламж хүрч чадахгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭХовд аймгийн Алтай, Булган, Үенч суманд өвөлжилт хүндэрч, машин техник цасанд боогдон, иргэд малчдад тусламж хүргэхэд хүндрэлтэй болсон байна.
Тус сумдад Улсын Онцгой Комиссын нарийн бичгийн дарга хурандаа М.Энх-Амар тэргүүтэй ажлын хэсэг болон аймгийн Онцгой комисс газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцаад ирлээ. Аймгийн Онцгой комисс Улсын Онцгой Комиссын ажлын хэсэг хамтран өчигдөр хуралдаж, нөхцөл байдлыг танилцуулан цаг үеийн байдалтай холбогдуулан авах арга хэмжээний талаар ярилцлаа.
Аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Өлзийхишиг өвөлжилтийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.
Алтай сумын Бодонч багийн 19 малчин өрхийн 23100 толгой мал, Барлаг багийн 7 малчин өрхийн 4200 толгой мал нийт 26 малчин өрхийн цагийн байдал хүндэрсэн газарт өвөлжиж байна. Эдгээр айлд болон малд нь тусламж үзүүлэх, очиж нүүлгэх ямар ч боломжгүй, машин техник явж болохгүй цасанд боогдсон, малчид өөрсдөө арга хэмжээ авч чадахгүй байдал оржээ.
Үенч суманд цасны улмаас сумын төвөөс багууд руу явах хөдөлгөөн бүрэн зогсож, эрүүл мэндийн дуудлага, үйлчилгээг хүргэж чадахгүйд хүрч, Жаргалан, Улиаст, Нарийн гол багийн зарим малчдын мал хотноосоо гарч чадахгүй 23 хонож байна. Үенч сумын хэмжээнд 100 суурьт 80,0 мян толгой мал, 200 малчин өрх хүнд нөхцөлд байдалд ороод байна.
Булган суманд 11 сарын 08-наас эхлэн орсон цасны улмаас 35-80 см цасан бүрхүүл тогтоод байна. Тус суманд 2016-2017 онд зургаан багийн 1801 өрхийн 216,0 мянган мал өвөлжиж байна. Үүнээс 112 өрхийн 333 хүн түлээ түлш, хоол хүнс, дулаан хувцас, өвс тэжээл, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэхэд хүндрэлтэй байна.
Дээрх гурван суманд өвөлжилтийн байдал хүндэрч, цас зудтай байгаатай холбогдуулан алслагдсан бүс нутаг, уул даваа ихтэй, зам даваа хаагдах, малчид, иргэд цасанд боогдон хөлдөлт үүсэх, мал идүүргүй болж, зудын аюул бий болж болзошгүй тул орон нутагт 30,0 сая төгрөг шийдвэрлэж өгөхийг аймгийн Онцгой комисс хүслээ.
Мөн Алтай, Булган, Үенч сумдын өвөлжилт хүндэрсэн, зуданд нэрвэгдсэн ард иргэдэд тусламж хүргэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор туулах чадвар сайтай авто машин олгохыг Засгийн газрын хуралдаанд оруулж өгөх хүсэлтийг Ховд аймагт ажилласан Улсын онцгой комиссын ажлын хэсэгт тавьжээ.
Улсын Онцгой Комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар, дээрх гурван суманд газар дээр нь очиж ажиллах үеэр нөхцөл байдал хүндэрсэн, хүйтний эрч хөрсөн дээрээ хасах 30 хэм хүрч, малчид 5-10 хоног отор нүүдэл хийж байгаа учир отрын штаб зохион байгуулах шаардлагатайг анхаарууллаа.
Мөн Алтай, Үенч сумын хүн эмнэлэг эмнэлгийн машингүй байна, Булган сумын сум дундын эмнэлгийн эмийн сангийн эмийн хүрэлцээ муу байгаа зэргийг анхаарч ажиллахыг аймгийн Онцгой комисст даалгалаа.
Мөн ковш машин шийдэж өгөх, өвс тэжээлийн үнийг хөнгөлөх, Баян-Өлгий аймгийн нутаг руу отроор өвөлжих зэрэг саналыг малчид тавьсныг уламжиллаа.
Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондог цаг агаарын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотой бүх төсөвт байгууллагын дарга, ажилтнууд хүн хүчээ бэлэн байлгах, аймгийн Онцгой байдлын газар, Улаан Загалмай Нийгэмлэг хандив цуглуулах аян өрнүүлж, уриалга гаргахыг үүрэг болголоо.
А.Бямбасүрэн