Мах боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-11-29 23:18:48

Говь-Алтай аймаг мах боловсруулах үйлдвэргүй цөөн аймгийн нэг. Саяхан ХХААХҮЯ, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Хөдөө Аж Ахуйн Марктинг төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ний мах боловсруулах үйлдвэр нээлтээ хийж ашиглалтанд орлоо.

Үйлдвэрийн нээлтэнд ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Баяртулга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Даажамба, аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Засаг дарга С.Гансэлэм нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Мөн ОХУ-ын Горно-Алтай болон БНХАУ-ын Өвөрмонголын мах боловсруулах үйлдвэрүүдийн захирал, Турк улсын малын арьс, шир, түүхий эд боловсруулах үйлдвэрийн Баян-Өлгий аймаг дахь төлөөлөгч зэрэг олон хүмүүс ирж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уг үйлдвэр өдөрт 200 бог мал, 100 бод мал нядлан боловсруулах хүчин чадалтай бөгөөд 280 тн-ийн хөргүүртэй, 400 тн мах хадгалах агуулахтай ажээ. Нийтдээ нэг тэрбум 300 сая төгрөгний өртгөөр барьж байгуулсан байна.

                                                                                 Ш.Цоодол

Related news