“Дулаан бээлий” сайн санааны бэлэг эзэддээ хүрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-ын брэнд ажил болсон “Бид нэг сумынхан” ажлын хүрээнд “Дулаан бээлий” сайн санааны ажил өрнөлөө.
Энэхүү сайн санааны ажилд Сүхбаатар сумын ЕББД 6 сургуулийн дизайн технологийн эмэгтэй багш нар эмэгтэй сурагчдынхаа хамтаар оролцжээ. Тэд хуучин хувцсаа ашиглан дулаан бээлий оёж, Сүхбаатар сумын Тохижилт үйлчилгээний газрын ах, эгч нартаа бэлэглэсэн байна. Эл арга хэмжээ нь өнөөдөр хүүхдүүд дулаан бээлий оёж бусдад бэлэглэж байгаа ч хойшид амьдралд өөрсдөө бээлийгээ хийгээд сурч байгаа нь энэхүү аяны өгөөж хэмээн сумын Засаг дарга Т.Гантулга хүүхдүүдэд талархан хэллээ.
Мөн 100 ширхэг бээлий бэлэглэсэн Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори 4-р сургуулийн дизайн технологийн багш Б.Гүнжилмаа:”Бид Сүхбаатар сумаас зохион байгуулсан “Дулаахан гар” хөдөлгөөнд эмэгтэй дизайн технологийн эмэгтэй багш нар нэгдэж охидуудтайгаа хамтраад 100 ширхэг бээлий оёлоо. Үүнийгээ сумын ТҮГ-ын ажилчдад гардуулан өгч байгаадаа баяртай байна. Охид маань маш их баярлаж байгаа. Бээлийгээ эсгэж, эсгэснээ оёж сурлаа. Цаашид олон хүнд, гэр бүлдээ оёж өгнө гэсэн бодолтой байна. Манай сургуулийн 11, 12-р ангийн бүх сурагч зөвхөн эмэгтэй гэлтгүй хөвгүүд маань ч цөм оролцсон. Бид гараараа хөвөнтэй бээлий урлахаас гадна ажлын бээлий бас бэлэглэж байгаа” хэмээв.
Энэхүү сайн санааны ажилд Сүхбаатар сумын ЕББД сургуулиуд бүгд оролцож 400-гаад дулаан бээлий оёж бэлэглэлээ. Мөн МСҮТ-ийн сурагчид 30 ширхэг бээлий бэлэглэж, гагнуурын ангийн хөвгүүдээс цас цохьдог хоёр ширхэг багаж хийж өгсөн байна. Жавар тачигнасан өвлийн тэсгэм хүйтэнд цас, мөстэй зууралдан ажиллаж байдаг ТҮГ-ын хамт олон нэг хэсэгтээ гар нь даарахгүй дулаан бээлийтэй болсондоо талархаж байна.
Ч.Отгонцэцэг