Америкчуудын дундаж наслалт 1993 оноос хойш анх удаагаа буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-12-09 13:42:27

ВАШИНГТОН. /VOA/. Америкчуудын дундаж наслалт сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаагаа буурчээ.

АНУ-ын Эрүүл мэндийн статистикийн үндэсний төвөөс гаргасан мэдээнд дурдсанаар, 2014 онд тус улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт 76.5 жил байсан бол 2015 онд 76.3 жил болж буурсан байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд  дундаж наслалт 2014 онд 81.3 бол 2015 онд 81.2 жил болж буурчээ.

Үхэлд хүргэж байгаа хэд хэдэн шалтгаан, тэдгээрийн дотор зүрхний шигдээс, сэтгэцийн олдмол өвчин болон нялхсын эндэгдэл зэрэгтэй холбоотойгоор дундаж наслалт буурч байна.

Үүний өмнө 1993 онд ХДХВ/ДОХ-ын хямралын оргил үеэр америкчуудын дундаж наслалт буурч байжээ.

Одоо Америкийн эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн дундаж наслалт 78.8 жил байгаа нь 2014 оныхоос 0.1 жилээр буурсан үзүүлэлт юм.

2015 онд нас барсан хүмүүсийн талаарх тоон мэдээлэлд тулгуурлан уг тайлан мэдээг гаргажээ.

Г.Доржханд

 

Related news