Улаан загалмайн хороо дахин үйл ажиллагаагаа сэргээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-12-15 16:17:10

Сэлэнгэ аймгийн Мандал сум 27.3 мянган хүн амтай, 9 баг, 2 томоохон тосгонтой, аж ахуй нэгжийн тоо 650 гаруй, ерөнхий боловсролын 7 сургууль, сургуулийн өмнөх боловсрол олгох 7 цэцэрлэг, сум дундын эмнэлэг, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Политехникум, газар тариалангийн томоохон салбар зэрэг олон объёкттой том сум.

Иймээс тус суманд Улаан загалмайн хороо зайлшгүй ажиллах шаардлагатай хэмээн үзэж энэ оны 1-р сараас үйл ажиллагааг  нь дахин сэргээжээ. 2008 онд үйл ажиллагаа нь гэнэт зогссон тус хороо дахин ажиллах эрхээ авсанаар “Нийгмийн халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх” төслийг хэрэгжүүлж байгаа аж.

Тус төсөлд 240 халамжлуулагч, 80 сайн дурын идэвхтэн ажиллаж байгаа нь сумын нийт хүн амын 7.8 хувийг хамарч байгаа гэнэ. Мандал сумын хүн амын амьдралын байдал, өнөө үед тавигдаж буй түвшин, зайлшгүй халамж авах шаардлагатай ХБИ-д олон байгаагаас шалтгаалан уг төслийг хэрэгжүүлэх шаардлага гарсан байна. Төслөөс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулж тэрэг, алхуулагч, тулгуурт таяг зэргийг олгожээ. Мөн халамжлуулагч, сайн дурын идэвхтнүүд нарт зориулан төрөл бүрийн сургалт явуулж, тэднийг нийгэмшүүлэх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, бие биентэй нь танилцуулах, амьдралын туршлага судлуулах ажлуудыг явуулдаг байна.

Түүнчлэн МУЗН-ийн гол хөтөлбөр болох эрүүл мэндийн хөтөлбөрийн дагуу анх тусламж үзүүлэх, гамшгийн  бэлэн байдал бодит үйл ажиллагааны явцад авч явуулах арга хэмжээний тухай, цусны донор бэлтгэх ХБИ-ийн халамж үйлчилгээг яаж явуулах зэрэг олон сургалтыг зохион байгуулж, 40 шахам сургагч багш нарыг бэлтгэн сертификат олгосон байна. Мөн үүний зэрэгцээ сайн дурын идэвхтнүүдээс халамжлуулагчийн ар гэрийн орлогыг нэмэгдүүлэх өөрсдийн авьяас чадварыг хөгжүүлэхэд нь зориулж өөртөө туслах бүлэг ажиллуулж байгаа аж. Үүнд эсгий урлал, шүр сувд, наамал оёдол, зүү ороож урлах ажлуудыг хийж байгаа гэнэ. Үүнийгээ Хүүхдийн ордон, Дэлхийн зөнгийн мэргэжлийн багш нарын туслалцаа, хамтын ажиллагаанд түшиглэн явуулдаг байна. Ингэж тэдний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, юмханаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхлыг төрүүлж байгаа нь үр дүнтэй бөгөөд тэдний амьдралын орлогод бодитоор нөлөөлж байгаа ажээ.

Ч.Отгонцэцэг.

Related news