“Эрүүл ахуйн шаардлага хангасан хоолны газар” аян дүнгээ гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-16 11:32:12

Төсөв мөнгө хүрэлцээгүй гээд суугаад байлгүй, сэтгэл байвал хийж болдгийн жишээгээр Сайнцагаан сумын 6- р цэцэрлэгийн хамт олон хоолны газраа тохижуулсан байна. Хоол хийх үед битүү уур үүсдэг байсныг агааржуулагч хийснээр гадагшлуулдаг болж, ашиглагдахгүй байсан өрөөг зассанаар гаднаас оруулж ирэх хоол хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэлийн өрөөгөөр дамжуулдаг хоолны газрын стандарт бүхий нэг урсгалыг бий болгож чаджээ.

Мөн тогооч нарын гар угаах угаалтуурыг мэдрэгчтэй болгож, хатаагч суурилуулсанаар эрүүл ахуйд нийцсэн нөхцлийг бүрдүүлсэн  гэж цэцэрлэгийн эрхлэгч Д. Энхмаа танилцуулсан юм. Түүнчлэн гал тогоонд хоол бэлтгэн хийх явцыг эцэг эх камераар харах боломжтой болжээ.

Гал тогоогоо эрүүл ахуйн стандартад нийцүүлэн өөрсдийн хүчээр ингэж тохижуулснаараа тус цэцэрлэгийн хамт олон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зарласан “Эрүүл ахуйн шаардлага хангасан хоолны газар” аянд түрүүлсэн юм. Энэ аян нь сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хоолны газрын эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах зорилготой байсан. Тодруулбал, заавал их хэмжээний төсөв мөнгө эрэлхийлэхгүйгээр өөрсдийн нөөц боломжийг дайчлан хоолны газраа эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн тохижуулахыг уриалан нэг сарын хугацаанд өрнөсөн гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Н. Мөнгөнцэцэг хэллээ.  

Аянд оролцсон аймгийн төвийн сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдээс 6- р цэцэрлэгийн хамт олон идэвх санаачnлгаараа ийнхүү түрүүлсэн бол 4, 3- р цэцэрлэг тус тус удаалж, аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хоолны газар тусгай байрын шагнал хүртэв.

Т. Отгонтуяа         

 

Related news