Өрх толгойлсон аавд сэтгэлийн хандив очлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-07 14:59:01

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2016 оны сүүлээр ядарч, зүдэрч яваа нэгэндээ туслах “сайн үйлсийн аян” нэлээд өргөн цар хүрээтэй өрнөсөн юм.

Энэхүү үйл ажиллагааны нэгээхэн хэсэг болох Сэлэнгэ аймаг дахь ХААН банкны хамт олны сэтгэлийн хандив, хариу нэхэхгүй тусыг хүртсэн хүмүүс бол Сүхбаатар сумын “Хонгор морьт”-ын 1-р багийн иргэн өрх толгойлсон аав Б.Отгонбаяр, мөн багийн бяхан иргэн Б.Чингүүн хүү, Сүхбаатар сумын 6-р багийн өрх Ж.Мөнхдэлгэр нар байлаа.

1-р багийн иргэн Б.Отгонбаярын хувьд хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг аж.  Тэрээр олон хүүхэдтэй бөгөөд энэ группынхээ орлогоор л амьдардаг байна. Хэдийгээр өөрөө хөдөлмөрийн чадваргүй, зөвхөн группын мөнгөөрөө гэр бүлийн 9 гишүүнийг тэжээж байгаа ч хүүхдүүддээ сургуулиас нь завсардуулалгүй сургаж байгаа мундаг аав юм. ”Биднийг сайхан баярлаарай гээд хүүхдүүдэд минь шинэ жилийн бэлэг, бидэнд хоол хүнс, нүүрс авчирч өгсөн ХААН банкныхандаа маш их баярлалаа. Манай багаас намайг их харж үздэгт би их баярлаж явдаг. Баярлалаа гэж хэлэхээс өөр би яах билээ” хэмээн ярилаа.

Багийн дарга н.Амгалан:-“Өнөөдөр манай багийн зорилтот бүлгийн нэг өрхөд ширээ дүүрэн баярлах боломж нөхцөлөөр хангаж өгч байна. Өвлийн хүйтэнд хэдэн өдөр ч гэсэн түлэх түлштэй, хүүхдүүд гэдэс цатгалан байна гэдэг хамгийн чухал” гэлээ. Багийн зүгээс хавар дулаараад ирэхээр энэ өрхөө хашаатай болгож өгөхөөр зорьж байгаа гэсэн. ХААН банкны зүгээс “Сайн үйлсийн аян”-ны хүрээнд аль болох зорилтот бүлгийн тэр дундаа зүгээр тусламж хүсээд суугаа бус, өөрсдөө хичээж зүтгэсэн ч орон гэргүй, түлээ түлшгүй, хоногийн хоолоор хомс байгаа хүмүүст туслахыг зорьжээ.

Иймээс энэ удаа эдгээр өрхүүдийг сонгож авсан байна. ХААН банкны захирал О.Дамдинпүрэв:-“Миний хувьд энэ багаас сумын ИТХ-д сонгогдсон байгаа. Отгонбаяр гуайг багаасаа мэднэ. Их өнөр өтгөн болсон байна. Нэг ч болов айл өвлийг өнтэй даваасай гэсэн сэтгэлээр энэхүү сэтгэлийн дэмийг манай хамт олон өгч байгаа юм” гэлээ.

Ч.Отгонцэцэг

Related news