Цагдаагийн газар ажлаа тайлагнав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн цагдаагийн газар нь өнгөрсөн онд хийсэн үйл ажиллагаагаа ард иргэдийнхээ өмнө тайлагналаа.
Төв аймгийн Цагдаагийн газар нэг хэлтэс таван тасаг 208 албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн онд 5901 гомдол мэдээлэл хүлээн авснаас 2268 нь гэмт хэргийн шинжтэй, 2703 нь зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл байсан аж.
Мөн 768-н эрүүгийн хэрэг үүсгэж, 1435 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Түүнчлэн нийт гарсан 812 гэмт хэргийг ангилбал хөнгөн 334, хүндэвтэр 418, хүнд 47, онц хүнд 13, үүнээс нас барсан 113 иргэн, бэртсэн 366 иргэн байгаа юм. Гэмт хэргийн улмаас ард иргэдэд 3.5 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 3.1 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж ажиллажээ.
Мөн Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ биелүүлэхэд идэвх санаачлагатай хамтран ажиллаж, хувь нэмрээ оруулсан зарим иргэдийг шагнаж урамшуулсан байна.
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Төв аймгийн Цагдаагийн газраас нутгийн удирдлагууд болон, иргэд олон нийтдээ өнгөрсөн оны үйл ажиллагаагаа тайлагналаа. Тайлангийн хуралд Төв аймгийн төрийн байгууллага болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөл, иргэд нийлсэн 180 гаруй хүн оролцсон юм.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлан иргэдэд нээлттэй болгох, тэдний талархал шүүмжлэлийг хүлээн авч цаашид хэрэгжүүлэх ажлаа тодорхойлох, Цагдаа газар болон иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал ач холбогдол хурал гэдгийг аймгийн Цагдаагийн газрын дарга дэд хурандаа Б.Ганзориг хэлж байлаа.
Тайлангийн хуралд Төв Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж нар оролцож албан хаагч нарт баяр хүргэн үг хэлсэн бөгөөд цагдаагийн алба хаагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллах талаар үүрэг өглөө.
Т.Есүхэйтөмөр