Сурагчид хүчирхийллийн эсрэг мэдлэгтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-17 11:07:01

“Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох төсөл” Дорнод аймгийн төв Хан-Уул цогцолбор сургууль, 5-р сургууль дээр 2 жилийн турш хэрэгжсэнээр 1500 сурагч энэ тухай мэдлэгтэй болсон байна.

Төслийг Монголын эмэгтэйчүүдийн сан, Дорнод аймгийн эмэгтэйчүүдийн ТББ хамтран хэрэгжүүлжээ. Хүүхэд багаасаа өөрийн үйлдэлд хянамгай байх, эрх, үүрэг, үүсч болох нөхцөл байдлаас өөрийгөө хамгаалах зэргийг ухамсарлуулах зорилготой гэнэ. Төслийн явцад хоёр удаа сурагчдын дунд судалгаа явуулахад “Сурагчид хүчирхийлэлд өртсөн тохиолдолд сургуулийн орчинд хамгийн түрүүнд нийгмийн ажилтандаа хандана” гэж 23 хувь нь үзэж байсан бол төслийн сүүлийн шатанд энэ тоо 43 хувь болж өсчээ. Төслийн талаарх багц хичээлийг сургуулийнхаа бодлогын баримт бичигт оруулж өгөх хүсэлтийг сурагчид гаргасан байна.

“Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” төслийн сургалт улсын хэмжээнд Дорнод аймаг, Багануур дүүрэгт хэрэгжиж байгаа юм.

Б.Туяа

Related news