Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНӨвлийн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудад тэшүүрийн спортыг сурталчилан тэдний авьяас чадварыг нээн илрүүлэх зорилгоор Булган сумын тэшүүрийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Булган аймгийн ЗДТГ, Булган сумын ЗДТГ, Биеийн тамир спортын газар тус тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд Булган сумын ЕБС-уудын нийт 36 сурагч орорлцлоо. Баг тамирчид 5 насны ангилалд хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцож нас тус бүр эхний 3 байрыг шалгаруулан урамшууллаа. Багийн нийт дүнгээр Булган сумын Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн баг тамирчид тэргүүн байр эзэллээ. Тэргүүн байр эзэлсэн баг тамирчид Булган аймгийн аварга шалгаруулах тэмцээнд орох эрхээ авчээ.
Тэмцээний нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга З.Батзориг, Булган сумын нутгийн зөвлөлийн тэргүүн Д.Эрдэнэбаяр нар оролцож баг тамирчдад хандан "Тэшүүрийн спортыг дэмжиж, хамтран ажиллана" гэдгээ илэрхийллээ.
П.Батням