Бага ангийн сурагчид замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ шалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-17 16:57:45

Өвөрхангай аймгийн Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээнийг уламжлал ёсоор бага ангийн сурагчдын дунд 10 сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Тэмцээнд Арвайхээр сумын 1, 2, 4-р сургууль,  Мэргэд сургууль, Цэцэрлэг сургуулийн цогцолбор зэрэг таван байгууллагаас 3-5дугаар ангийн 60 гаруй хүүхэд оролцон замын хөдөлгөөний дүрмийн талаарх мэдлэгээ сорин өрсөлдлөө. Тэмцээний тэргүүн байрыг 1-р сургуулийн “Ялалт” баг, дэд байрыг 2-р сургуулийн “Соёмбо” баг, гутгаар байрыг Мэргэд сургуулийн “Мэргэд” баг тус тус эзэлсэн юм.

“Ногоон гэрэл, цагаан шугам”  тэмцээнийг хүүхдүүдэд бага наснаас нь замын хөдөлгөөний дүрмийн дадал, мэдлэг олгох зорилгоор жил бүр зохион байгуулдаг аж.

Энэ жилийн хувьд сургуулиуд ойр орчимдоо замын таних тэмдэглэгээ хийсэн, анги бүр замын хөдөлгөөний мэдлэг олгох булантай болж,  улаан загалмайн анхны тусламжийн самбар хийсэн зэрэг давуу талууд бий болсон нь сургууль, анги удирдсан багш нараас сурагчдадаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэдлэг олгох чиглэлээр анхаарал тавьж байгаагийн илрэл юм хэмээн Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн алба хаагчид хэлж байлаа.

Б.Батчимэг

Related news