Я.Зоригтбаатар Универсиадад Улсын рекордыг шинэчлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-02 12:17:35

Казахстаны Алмата хотноо болж байгаа Дэлхийн оюутны өвлийн "Универсиад 2017" наадмын тэшүүрийн төрөлд хурдаа сорьж буй манай тамирчин Я.Зоригтбаатар Монгол Улсын дээд амжилт/рекорд/-уудыг шинэчлэн тогтоожээ.

Энэ удаагийн XVIII наадамд Монголын тамирчид тэшүүр, гүйлтийн цанын төрлөөр оролцож байгаа юм. Тэшүүрийн 500 метрийн эрэгтэйчүүдийн тэмцээн өчигдөр /2017.02.01/ болж, тус ангилалд өрсөлдсөн Я.Зоригтбаатар 37.06 секундын амжилтаар 27 дугаар байр эзлэхдээ Монгол Улсынхаа залуучуудын болон насанд хүрэгчдийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

Энэ ангилалд нийт 37 тамирчин өрсөлдсөн бөгөөд БНСУ, Японы тамирчид медальт байрт шалгарлаа. Я.Зоригтбаатар өмнө нь 2016 оны 11 дүгээр сард Беларусь улсад болсон Дэлхийн цомын АШТ-ий үеэр 500 метрийг 37.94 секундэд туулж, улсын залуучуудын рекордыг шинэчлэн тогтоож байв.

Я.Зоригтбаатар 18 настай бөгөөд “Үндэсний шигшээ баг”, “Алдар” спорт хорооны тамирчин юм. Дасгалжуулагч нь Д.Энхбаяр. “Универсиад 2017” наадамд тэшүүрийн спортоор  Ж.Должинсүрэн дасгалжуулагчтай М.Мөнх-Од, Я.Зоригтбаатар, Б.Тулга, А.Зул нарын манай шилдэг залуу тамирчид оролцож байна.

Д.Өлзий

Related news