АНУ-ын Төвбанк бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН./Nikkei/.АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөснөөс хойш тус улсын Төвбанк буюу Холбооны нөөцийн банк анх удаагаа хуралдаж, бодлогын хүүгээ өөрчлөлгүйгээр 0.50-0.75 хувьтай хэвээр байлгахаар шийдвэрлэлээ.
АНУ энэ онд мөнгөний бодлогоо чангатгаж магадгүй гэж эдийн засагчид үзэж байсан юм. Харин бодлогын хүүг хэвээр үлдээснээс дүгнэхэд, Америкийн эдийн засаг энэ онд харьцангуй сайн үзүүлэлтэй байх дүр зураг ажиглагдаж байна.
Холбооны нөөцийн банк мягмар гарагаас эхлэн хоёр өдөр хуралдсаныхаа дараа мэдэгдэхдээ “хөдөлмөрийн зах зээл бэхэжсээр байна...эдийн засгийн өсөлтийн хурд тогтвортой байна” гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр Д.Трамп сонгогдсоноос хойш хэрэглээний болон бизнесийн байдал ерөнхийдөө сайжирсан гэж тус банк мэдэгдлээ.
Д.Трампын эдийн засгийн бодлого ямар нөлөө үзүүлэхийг тус банкны бодлого тодорхойлогчид харзнахаар шийдсэн бололтой. Бодлогын хүүг ирэх зургадугаар сард өсгөж магадгүй гэж хөрөнгө оруулагчид таамаглаж байна.
Одоогоор 4.7 хувьтай байгаа ажилгүйдлийн түвшин сүүлийн жилүүдэд байгаагүйгээр доод түвшинд хүрч буурахад ойрхон байна гэдгийг Төвбанк онцлон тэмдэглэлээ.
Тус банк бодлогын хүүгээ нэмэгдүүлэхгүй байх шийдвэр гаргасны дараа санхүүгийн зах зээлүүдэд ялимгүй өөрчлөлт гарчээ.
АНУ-ын Төвбанк өнгөрсөн оны 12 дугаар сард бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн юм. Тус банк сүүлийн 10 жилийн хугацаанд бодлогын хүүгээ хоёр дахь удаагаа нэмэгдүүлсэн нь энэ байлаа.
Харин 2017 онд тус банк бодлогын хүүг гурван ч удаа нэмэгдүүлж магадгүй гэж эдийн засагчид үзэж байна.
Тус банкны Бодлогын зөвлөл 2017 онд долоон удаа хуралдах аж. Дараагийн хурал ирэх сарын 13-15-нд болно.
Г.Доржханд