Азийн анхны "босоо ой мод" өдөрт 60 кг хүчилтөрөгч үйлдвэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-02-07 15:06:13

НАНЬЖИН. /boredpanda/. Хятадын Наньжин хотод өдөрт 60 кг хүчилтөрөгч үйлдвэрлэх “эгц босоо ой" /vertical forest/ байгууламжийг бий болгож байна. Ойг харсан хэн бүхэн цэвэр агаарыг мэдрэх нь дамжиггүй.

Босоо ойг “Наньжины цамхгууд” гэж нэрлэжээ. Азийн анхны босоо ой болох хоёр ой модон байгууламжийг 2018 он гэхэд барьж дуусгана.

Ой модны загварыг Италийн уран барилгач Стефано Боери гаргасан бөгөөд ой модон цамхгууд нь 199 м болон 108 м-ийн өндөртэй. Нэг цамхаг нь дунджаар 1000 орчим модтой, 23 төрөл зүйлийн бут сөөг, ургамалтай байх ажээ.

Өндөр цамхаг нь музей, ногоон архитектурын сургууль, дээврийн задгай клубтэй байх бол намхан цамхаг нь дээвэр дээрээ усан сан болон 247 өрөө бүхий “Hyatt” гэдэг зочид буудалтай байх гэнэ.

Уран барилгач Стефано анх удаагаа босоо ойн загварыг гаргасан нь энэ биш юм. Тэрбээр үүнээс өмнө Милан хотод хоёр босоо ой, Швейцарийн Лозанна хотод ийм ой бүхий байгууламжуудыг барьжээ.

Агаарын бохирдол тулгамдсан асуудал болоод байгаа өнөө цагт эдгээр ногоон байгууламж нь цэвэр агаараар амьсгалах төгс шийдлүүдийн нэг юм.

Г.Доржханд

 

 

 

Related news