Мянгат малчид нутгийнхаа хөгжлийн төлөө сан байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-02-07 20:23:08

Дундговь аймгийн Гурвансайхан сумын мянгаас дээш толгой малтай малчид сумандаа “Мянгатын сан” байгуулжээ. Энэ тухай тус сумын ЗДТГ- ын дарга Б. Энхтуяагаас тодруулсан юм.

Гурвансайхан сум аймагтаа хамгийн олон мянгат малчинтай. Өнгөрсөн жил мянгат малчин таваар нэмэгдэж, 59 мянгат малчин өрхтэй болсон байна. Тус сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл мянгат малчдынхаа зөвлөгөөнийг нийслэл хотноо зохион байгуулсан бөгөөд энэ үеэр сум орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хамтын хүчээр хөрөнгө оруулахын тулд “Мянгатын сан”-г байгуулахаар малчид саналаа нэгтгэжээ. Малчид жилд нэг сая төгрөгийг санд нийлүүлнэ. Санд хуримтлагдсан хөрөнгийг тусгай журмын дагуу захиран зарцуулах бөгөөд ингэхдээ сум орон нутагтаа ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, залуу боловсон хүчнийг сургаж бэлдэх, гадаад дотоодын их дээд сургуульд суралцахад нь дэмжлэг үзүүлэх, сумын төвийн дэд бүтэц, материаллаг баазыг нэмэгдүүлэх, иргэдээ орон сууцжуулахад зарцуулахаар журамдаа тусгажээ.

“Мянгатын сан” менежертэй байна. Мөн сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулахад хяналт тавих удирдах зөвлөлтэй байх бөгөөд удирдах зөвлөлийг 5 малчны бүрэлдэхүүнтэй сонгожээ.

Т. Отгонтуяа 

Related news