Дели хотод нэг удаагийн хуванцар зүйлс хэрэглэхийг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-02-15 10:24:17

ШИНЭ ДЕЛИ. /ANADOLU/. Энэтхэгийн байгаль орчны асуудлыг шүүн хэлэлцдэг Үндэсний Ногоон шүүхээс нийслэл Шинэ Дели хотод нэг удаагийн хуванцар аяга, сав зэргийг хэрэглэхийг хоригложээ. Хогийн цэгүүдэд хуванцар аяга, тор, сав зэрэг зүйлсийг шатаан агаар бохирдуулж байгаа учраас ийм хориг тавьсан байна.

ДЭМБ 2014 онд дэлхийн 1600 гаруй хотыг хамруулсан агаарын чанарын судалгаа явуулахад, хамгийн их агаарын бохирдолтой 20 хотын 13 нь Энэтхэгийн хотууд байжээ.

2013 онд АНУ-д төвтэй Health Effect” хүрээлэнгийн явуулсан судалгааны тайланд дурдсанаар, агаарын бохирдол нь Энэтхэгт хүмүүсийг үхэлд хүргэж буй гол хүчин зүйлсийн тавдугаарт бичигдэж байна. Тус улсад агаарын бохирдлын улмаас жилд 600 мянга гаруй хүн амь насаа алдаж байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд тус улсад агаарын бохирдолтой холбоотойгоор цаг бусаар хорвоог орхих тохиолдол 50 хувиар нэмэгджээ.

Агаарын бохирдолтой тэмцэх хүчин чармайлтын хүрээнд Энэтхэгийн Засгийн газар олон сая мод тарьж, цэвэр түлшээр ажилладаг автобус болон галт тэрэгнүүдийг үйлчилгээнд нэвтрүүлж, дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдэд татвар ногдуулах зэрэг арга хэмжээг авсаар байна.

Гэсэн хэдий ч Дели сүүлийн 20 жилийн хугацаанд хамгийн бохирдолтой хотуудын тоонд орж, 2016 оны 11 дүгээр сард агаарын бохирдол эрс нэмэгдсэний улмаас тус улсын Засгийн газар гурав хоногийн хугацаагаар онц байдал зарлаж байсан юм.

Хуванцар зүйлсийг шатааж байгаа нь агаарыг бохирдуулдаг гол хүчин зүйл аж. Эдгээрийг шатааснаар диоксин, фуран зэрэг химийн бодисуудыг агуулсан хорт утаа агаарт цацагддаг байна.

Франц улс 2020 он гэхэд хуванцар эд зүйлсийг хэрэглэхийг бүрэн хориглох тухай хуулийг өнгөрсөн оны есдүгээр сард баталсны дараа Энэтхэгийн эрх баригчид үүнтэй адил шийдвэрийг гаргалаа.

Г.Доржханд

 

 

Related news