Аймгийн төвийн ойролцоох сумдад бэлчээрийн даац олон дахин хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 10:37:30

Дорноговь аймгийн УСУОША, ХААГ-ын мэргэжилтнүүд хамтран тус аймгийн 14 сумын 53 багийн нутагт бэлчээрийн даацыг тодорхойлох судалгаа хийсэн байна.

Албаныхны үзсэнээр нийт нутгийн 46 хувь нь бэлчээрийн нөөц хүрэлцээтэй, 24 хувь нь бэлчээрийн даацнөөц 1-3 дахин хэтэрсэн, 30 хувь нь бэлчээрийн даац олон дахин хэтэрснийг тогтоосон аж. Бэлчээр нь олон дахин хэтэрсэн газруудын ихэнх нь аймаг сумын төвийн ойролцоох нутаг бөгөөд үүнд Иххэт  сумын Зүлэгт, Бүрдэнэ, Дэлгэрэх сумын Хонгор, Цагаан хад, Алтанширээ сумын Чулуунгишгэр, Өргөн сумын Сэнж, Сайншанд сумын хоёрдугаар  баг, Эрдэнэ сумын  Улаан-Уул, Улаанбадрах сумын  Баянбогд, Хөвсгөл сумын Чулуут зэрэг газар оржээ. Тиймээс  хахир өвлөөс урьтаж малчид бэлчээрийг зөв сонгох, отор нүүдэл хийх нутгаа эртнээс төлөвлөж, өвөл тэжээлээ бэлтгэж авах шаардлага байгааг албаныхан онцолсон байна.

Ирэх өвлийн хувьд агаарын температур олон жилийн дундаж орчимд байх бөгөөд 12 дугаар сарыг дуустал хур тунадас Хатанбулаг, Хөвсгөл сумын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад сумдын нутгаар олон жилийн дундаж хэмжээнд байх төлөвтэй байгаа юм.

Х.Эрдэнэбулган

Related news