Дутуу орхиод 3 жил болсон дотуур байрыг энэ онд гүйцээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-02-16 22:52:34

Энэ онд улсын төсвийн 860 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дундговь аймгийн 2 сургуулийн дотуур байр засагдаж, нэг сургуулийн дотуур байр ашиглалтад орно.

Тодруулбал, Сайнцагаан сумын “Эрдмийн далай” цогцолбор сургууль болон Хулд сумын дунд сургуулийн дотуур байрын засварыг 140 гаруй сая төгрөгөөр засварлах бол Сайхан- Овоо сумын дунд сургуулийн дотуур байрын шинэ барилгыг гүйцээхэд 720 гаруй сая төгрөг төсөвлөгджээ. Сайхан- Овоо суманд барьж байгаа дотуур байрын барилга 2013 онд эхэлсэн бөгөөд 1 тэрбум 370 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгтэй. Царцаагдсан барилгын тоонд орж явсаар ашиглалтад оролгүй ганцаар үлдээд байгаа юм. Гүйцээлгүй орхисон сургууль, цэцэрлэгийн барилгуудыг дуусгах Засгийн газрын бодлогоор энэ онд ийнхүү ашиглалтад оруулах хөрөнгө оруулалтыг төсөвт тусгажээ.

Улсын төсвөөс гадна Японы Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн 150 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайнцагаан сумын 5- р цэцэрлэгийн их засварыг хийхээр аймгийн Засаг дарга гэрээг үзэглэсэн байна.

Т. Отгонтуяа 

 

 

Related news