Хот хооронд зорчигч тээвэрлэхээр жолооч нар хоршоо байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 15:15:12

Мандалговь Улаанбаатар хот хооронд зорчигч тээвэрлэдэг суудлын автомашины жолооч нар нэгдэн “Мандал ажнай” хэмээх хоршоо байгуулж, зорчигч тээвэрлэх хүсэлтээ аймгийн Авто тээврийн төвөөр дамжуулан Зам, тээврийн яаманд уламжилжээ. Холбогдох яам дүгнэлт гаргаж, зөвшөөрөл олговол тус хоршоо Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулан зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх боломжтой болох юм байна.

Автотээврийн тухай хуульд зааснаар, нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг зориулалтын, стандартад нийцсэн, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, зорчигчийг баруун гар талруугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан автотээврийн хэрэгслээр гүйцэтгэнэ гэсэн шаардлагыг зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх жолооч нарт тавина.Дээр нь тээврийн хэрэгсэл арваас доош жилийн насжилттай, эзэмшигч нь мэргэшсэн жолооч байхыг шаардаж байгаа гэж Авто тээврийн төвийн дарга Д. Очбадрах хэллээ.

Суудлын автомашинаар хот хооронд зорчигч тээвэрлэдэг 40 гаруй жолооч бий бөгөөд одоогоор дээрхи шаардлагыг хангасан тээврийн хэрэгсэлтэй арав гаруй жолооч байна. Тэд “Мандал ажнай” хоршоог байгуулаад байгаа ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Related news