Чилид хэдэн сая хүн ундны усгүй болоод байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-02-27 11:12:53

САНТЬЯГО. /Anadolu/. Чилид аадар бороо орж, үер болж, хөрсний нуралт үүссэнээр нэгэн томоохон гол бохирдсоны улмаас нийслэл Сантьяго хотын дөрвөн сая иргэн ундны усгүй болоод байна.

Хотын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, ус цэвэрших хүртэл Майпо голоос ус авахыг хоригложээ.

Хүмүүс савлагаатай цэвэр ус авахаар дэлгүүрүүдэд дугаарлаж байна. Мөн голын ус цэвэрших хүртэл үйл ажиллагаагаа зогсоохыг ресторан болон бизнес эрхэлдэг бусад байгууллагад үүрэг болгосон бол ирэх долоо хоногийн даваа гарагт дуусах сургуулийн амралтын хугацааг тодорхойгүй хугацаагаар сунгасан байна.

Сантьяго мужийн захирагч Клаудио Оррега хэлэхдээ “бид энд ундны усгүй болоод байгаа 1.45 сая айл өрхийн тухай ярьж байна. Голын ус хэзээ цэвэршихийг бид хэлж мэдэхгүй байна” гэв.

Үерт дөрвөн хүн амиа алдсан нь тогтоогдоод байгаа аж.

Г.Доржханд

Related news