Оскарын "шилдэг эрэгтэй жүжигчин"-ээр Кейси Аффлек тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-02-27 11:55:10

ЛОС-АНЖЕЛЕС. /СNN/. Америкийн жүжигчин Кейси Аффлек гэр бүлийн сэдэвт "Manchester by the Sea" кинонд бүтээсэн уй гашууд автсан эцэг хүний дүрээрээ Оскарын “шилдэг эрэгтэй жүжигчин”-ээр тодорлоо.

Өдгөө 41 настай тэрбээр анх удаагаа Оскарын шагнал хүртсэн нь энэ юм.

Тэрбээр Дензел Вашингтон болон Райан Гослинг нарыг ардаа орхин энэ шагналыг хүртсэн байна.

Кейси Аффлек шагнал авсныхаа дараа үг хэлэх үеэрээ “шилдэг эрэгтэй жүжигчин” шагналд нэр дэвшсэн Д.Вашингтонд талархал илэрхийлээд “энэ хүн бол надад хэрхэн жүжиглэхийг заасан хүмүүсийн нэг” гэжээ.

Бостон хотод өссөн тэрбээр хүүхэд байхдаа телевизийн шоунд хөтлөгчөөр ажилладаг байжээ. Ахлах сургууль төгссөнийхөө дараа Лос-Анжелес хот руу нүүж, дараа нь Нью-Йоркт очин Колумбын их сургуульд элсэн орсон байна.

Хоёр жилийн өмнө тэрбээр эхнэр болох жүжигчин Саммер Фениксээс салсан юм. Тэд хоёр хүүтэй аж.

Г.Доржханд

Related news