Дорнод аймгийн музейд 4 мянга гаруй үзмэр бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-02 16:10:54

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн музейд түүхийн үнэт зүйлс олноор хадгалагдаж байдаг. Харин музейн барилга шаардлага хангахгүй болоод байгаа бөгөөд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт музейн барилгыг шинэчлэх тухай тусгаад байна.

Дорнод аймгийн музей Түүх угсаатан, Байгалийн түүх, Жуков, Уран зургийн галлерей гэсэн хэсгүүдээс бүрдэж, 4 мянга гаруй үзмэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Төрийн хошой шагналт ардын зураач Г.Одон, УГЗ П.Цогзол, О.Мягмар, О.Цэвэгжав нарын зураачдын өлгий нутаг нь Дорнод аймаг учир тэдний “Ажлын дараа”, “Азарганы ноцолдоон” зэрэг алдарт уран зургуудын эх хувь тус музейд хадгалаатай бий. Түүнчлэн хамгийн эртний үзмэр нь Шунх таван толгойн хүн чулуу, Сансрайдорж хааны Миеэ хатны хэрэглэж байсан хаш хундага, гаанс, гоёл чимэглэлийн сав юм. Харин хамгийн сүүлд өнгөрсөн онд Дорнод аймгаас сонгогдож байсан депутатуудын эдэлж хэрэглэж байсан зүйлс, гэрэл зургуудаар Социализмын танхимыг нээжээ.

Дорнод аймаг нь олон үндэстэн ястны өлгий, То ван Тогтохтөр, Манлай ван Дамдинсүрэн, маршал Чойбалсан гээд үе үеийн удирдагчдын нутаг гэдэг утгаараа тус музейд түүхийн үнэт зүйлс олноор хадгалагдаж байдаг юм.

Б.Туяа

Related news