Иргэд Харганын шугуйг унанга мөчрөөс цэвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 18:39:27

Дундговь аймгийн Сайхан- Овоо сумын иргэд Онги голын эрэг дагуух Харганын шугуйн унанга мөчрийг түүж цэвэрлэсэн байна.

Харганын шугуйг урьд нь цэвэрлэж байгаагүй бөгөөд олон жилийн салхи шуурга, хуурайшилт, ган гачгийн явцад унанга мөчир ихээр овоорсон байжээ.

Харгана нь говь хээрийн бүсэд дасан зохицсон, элсний нүүдлийг сааруулахад чухал нөлөөтэй ургамал бөгөөд Онги голын эрэг дагуух харганын шугуй нь 1.5- 2.5 метр өндөр, нийт 3.4 га талбайг хамран ургадаг.

Иргэд зөвхөн унанга мөчир түүгээд зогсохгүй элсэнд дарагдаж, дахин сэргэх боломжгүй болсон харганын бутнуудыг цэвэрлэж, сийрүүлснээр нөхөн сэргэх нөхцлийг ч бүрдүүлсэн байна.

Байгаль хамгаалагч Б. Гантулга, 2-р багийн Засаг дарга П. Энхсайхан нар хөдөлмөр эрхлээгүй 15 иргэнийг зохион байгуулж, 10 хоногийн хугацаанд ийнхүү Харганын шугуйг цэвэрлэн, нөхөн сэргээсэн бөгөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас энэ ажлыг дэмжжээ. Иргэд 8 тонн мөчир түүж холдуулсан байна.

Дундговь Т. Отгонтуяа

Related news