Төрийн анхан шатны нэгжийн засаглалыг сайжруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Удирдлагын академийн захирал С.Зүльфикар, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Мелони К.Линдберг нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд хороодын төрийн албан хаагчид, ажилтнууд болох хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүд болон хэсгийн ахлагчдын чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллах юм байна.
НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр ярихдаа, “Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сан, Удирдлагын академи дэмжлэг үзүүлж, төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах сургалт явуулахаар болж байна. Төрийн анхан шатны нэгжид ажиллаж буй албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтнуудын чадавхийг урт хугацаанд бэхжүүлэхээр санамж бичигт тусгасан" гэв.
Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сан нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран 3.5 жилийн хугацаатай “Хотын засаглалыг сайжруулах” төслийг 2015 оны есдүгээр сараас хэрэгжүүлж буй юм. “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр”-ийн зорилго нь орон нутгийн түвшинд засаглал, удирдлагыг бэхжүүлж, тогтвортой, найдвартай үйлчилгээгээр хангахад орон нутгийн удирдлагад дэмжлэг үзүүлэхэд чиглэжээ.
Б.Заяа