Төрийн байгууллагуудыг гадна хаягаа монгол бичгээр бичихийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-03-11 14:56:32
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Хэлний бодлогын Үндэсний зөвлөл”-ийн Орхон аймаг дахь салбар зөвлөл энэ онд хийх ажлаа төлөвлөж баталлаа.

Салбар зөвлөлийн даргаар аймгийн Засаг дарга Д.Батлут, гишүүдээр Боловсрол, Соёл урлагийн газрын мэргэжилтэн, монгол хэл, монгол бичгийн багш, сэтгүүлчдийн төлөөлөл ажиллаж байна. Энэ онд тус зөвлөл “Хүмүүн бичиг” сонины уншигчдийн тоог нэмэгдүүлэх, үндэсний эх хэлээрээ зөв ярьж, бичих, төрийн албан хаагчдад “Албан бичиг боловсруулах” сургалт зохион байгуулах, оюутан, сурагчдад зориулж “Монгол хэл, монгол бичгийн дүрэм”-ийн талаар цуврал хичээл заах зэрэг олон ажил хийх гэнэ. Мөн сэтгүүлчидтэй уулзаж зөв бичих, найруулга, утга зүйн чиглэлээр санал солилцож мэдээлэл өгнө.

Түүнчлэн төрийн байгууллагуудыг гадна хаягаа монгол бичгээр бичихийг уриалж үүнд шаардагдах төсвийн тодорхой хувийг орон нутгаас шийдэх ажээ.

Цахим орчинд эх хэлээ буруу ашиглаж байгаагийн хор уршгийн талаар телевизийн цуврал нэвтрүүлэг бэлтгэж иргэдийг соён гэгээрүүлэх чиглэлд анхаарч ажиллана гэж “Хэлний бодлогын Үндэсний зөвлөл”-ийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийнхөн ярилаа.

Б.Оюун-Эрдэнэ

Related news